Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр энэ сарын 19-нд албадан саатуулжээ. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байгаа аж.
Энэ талаар Авлигатай тэмцэх газраас тодруулахад “УБТЗ” нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг шалгаж, түр саатуулсан нь үнэн. Шүүхээс эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хуульд заасан нөхцөл нь бүрдвэл цагдан хорих ажиллагааг үргэлжлүүлнэ” гэв.