Хөгжлийн банкнаас шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан 26 чанаргүй зээлийг танилцуулсан. Тэдгээр чанаргүй зээлдэгчдийн дотор ТОСК /Төрийн орон сууцны корпораци/ багтсан байгаа.
ТОСК нь тус банкнаас 2016 онд 19 тэрбум төгрөгийн зээлийг “хөдөлгөөнт цогцолбор” төсөл хэрэгжүүлэхээр авчээ. Зээлийн нийт үлдэгдэл 25 тэрбум төгрөгт хүрч, зээл төлөлт 64 сараар хойшилсон байна. 2019 онд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан, гурван шатны шүүх хурал болж хариуцагч ТОСК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарч, шүүхийн маргаан дуусжээ.
Мөн тус байгууллага “Нью яармаг хаусинг прожект” компанитай хамтран 142 тэрбум төгрөгийн зээл авчээ. 2015 онд “Шинэ Яармаг” орон сууцны хороолол барихаар зээл авчээ. 59 тэрбум төгрөгийг эргүүлэн төлж, одоо 117 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Зээл төлөлт 56 сараар хойшилсон тул 2019 онд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
ТОСК-аас 24 тэрбум , “НЯХП” компаниас 61 тэрбум төгрөг тус тус гаргуулах анхан шатны шүүхийн шийдвэр 2020 онд гарсан. Давж заалдах шатны шүүх хурал гурван сарын дараа болж, анхан шатны шүүхийн шийдвэрийн мөнгөн дүнд өөрчлөлт ороогүй, хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулжээ.