Ярилцсан Л.ДӨЛГӨӨН
Манай улсад хавдрын өвчлөл нэмэгдсээр байгаа. Хавдраар өвчилсөн хэдий ч эмэгтэйчүүд хүүхэд гаргах хүсэлтэй байдаг. Химийн эмчилгээ хийлгэх явцад өөрөөрөө хүүхэд төрүүлэх боломж хязгаарлагддаг учраас хавдраар өвчилсөн хүмүүс үр шилжүүлэн суулгах сонголтыг хийдэг аж. Энэ талаар бид АШУҮИС–ын багш Анагаах Ухааны доктор профессор Э.Одхүүтэй уулзаж ярилцлаа.
-Хавдар бол нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн анхаарах ёстой гол сэдэвт болоод байгаа. Хавдраар өвдсөн эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх боломж ер нь хэр зэрэг байдаг юм бол. Тэдэнд үр шилжүүлэн суулгах боломжтой байдаг уу?
-Хавдартай хүмүүс эрүүл урт удаан амьдарч байгаа тохиолдолд үүсдэг хүндрэл бол нөхөн үржихүйн үйл ажиллагаа алдагдах асуудал гардаг. Энэ нь нэгдүгээрт, ямар төрлийн хавдар вэ гэдгээс, хоёрдугаарт тухайн өвчтөний хавдрын үед нь ямар эмчилгээ хийсэн бэ гэдгээс хамаардаг. Гуравдугаарт тухайн хүн маань хэдэн настай вэ гэдгээс мөн хамаарна. Тиймээс яг нөхөн үржихүйн насны буюу өөрөө жирэмсэн болж, үр удмаа үлдэх чадвартай буюу залуу эмэгтэйчүүдэд үр шилжүүлэн суулгах тохиолдол байдаг.
Хими эмчилгээ, туяа эмчилгээ нь хавдартай эмэгтэй хүнд өндгөвчийг нь гэмтээх, эрэгтэй хүнд бол төмсөгний үйл ажиллагааг алдагдуулах тохиолдол гардаг. Энэ алдагдал нь өөрөө нөхөн үржихүй буюу үр удмаа хадгалдаг чадварыг хаадаг. Тийм учраас ийм хүмүүстээ зориулаад хавдрын эмчилгээнээс өмнө тэр хүмүүсийнхээ өндгөн эсийг хадгалж, лобараторын хүрээнд үр хөврөл болгон авч хадгалдаг, эсвэл өндгөвч, төмсгийг нь хадгалж болдог.
Үүнийг тухайн хүний хавдар эдгэрээд, эрүүл амьдралын хэвийн горимд орсон үед буцаан шилжүүлэн суулгаж, үр хүүхэд төрүүлэх боломжийг олгодог.
-Үр шилжүүлэн суулгах сонирхолтой хавдартай хүмүүст эдийн засгийн хувьд хэр их хэмжээний мөнгө шаардлагатай вэ?
-Эмчилгээний дундаж төлбөрийн хувьд ямар эсүүдийг хадгалж байгаа, юу хадгалж байгаа вэ гэдгээс хамаараад харилцан адилгүй байдаг. Жишээ нь өндгөн эсийг үр хөврөл үүсгэж хадгалах юм бол ойролцоогоор 10 сая орчим төгрөгийн ханштай. Харин үрийн шингэнийг хөлдөөж хадгалах юм бол 200-300 мянган төгрөг болдог. Одоогоор манай орны хувьд бол өндгөн эсийг, төмсөгний эдийг хөлдөөж хадгалаагүй.
-Энэ асуудал дээр ЭМЯ тусламж, хөнгөлөлт үзүүлдэг үү?
-Хавдартай хүмүүст зориулж үр шилжүүлэн суулгах эмчилгээний талаар ЭМЯ–наас зарцуулсан төсөв байхгүй. Хувь хүн өөрөө төлбөрийг бүрэн төлдөг. Энэ төрлийн үйлчилгээ нь ЭМД-ийн хөнгөлөлтөд хамрагдаагүй байдаг.
-Хавдартай өвчтөнөөс үр шилжүүлэн суулгасан хүүхдүүд эрүүл мэндийн хувьд ямар нэгэн өөрчлөлттэй байх тохиолдлууд бий юу?
-Эрүүл хэвийн хүүхэд төрөх боломж байгаа. Гэхдээ хавдар гэдэг өвчин өөрөө удамшлын өртөмтгий байдал буюу тухайн хувь хүний генид кодлогдсон байдаг. Тэр кодлогдсон генүүдийн өөрчлөлтийг бид засч чадахгүйгээс хойш, хавдартай хүнд үр шилжүүлэн суулгаж, эмчилгээ хийж төрүүлсэн хүүхэд, эсвэл өөрөөрөө жирэмсэн болж төрсөн ч, аав ээж нь хавдартай байгаа тохиолдолд тухайн хүүхэд хавдраар өвчлөх эрсдэлтэй.