Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг буюу “Боловсролын сургалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна” гэсэн заалтын хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулсан.
Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамаар ахлуулан байгуулж, тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжиж, тогтоолын төсөл баталсан.
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.
Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ын хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын явцын тайланг хэлэлцлээ. Ажлын явцын тайланг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан танилцуулав.
Энэ үеэр БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан “УИХ-д би гурав дахь удаагаа хөдөө орон нутгаас сонгогдон ажиллаж байгаа. Хөдөө орон нутгийн амьдралыг мэднэ. Засгийн газрын гишүүн болохоороо ширэн нүүр гаргаад, УИХ-ын гишүүн гээд ширээний ардаас өөр юм яриад, өөр зан гаргаад байдаг хүн би биш л дээ. Гишүүдтэй яг л адилхан өмнөө тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан тендерийн зохион байгуулалттай холбоотой, зураг төсөвгүй, газаргүй обьектууд ямар их хүндрэл, чирэгдэл учруулдаг вэ гэдгийг сайн мэдэж байгаа. Та яагаад ажлын хэсэг дээр орж ирсэнгүй гэж худлаа ярьж байна. Ажлын хэсгийн хурал бүрийн өмнө болон дараа нь бүх мэдээллийг үзэж, сонсож, танилцдаг.
Намайг яамны ажлыг очиж хүлээж авч байхад сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонгийн асуудал зуун задгай байсан шүү. Тийм учраас өмнө гарсан алдаа дутагдлуудаа дахиж битгий давтаасай, 100 тэрбум төгрөгийн төсөв гарын салаагаар битгий урсчихаасай гэсэн үүднээс л сэтгэл гаргаж ажиллаж байгаа.
Би нэг их аймагт уригдаж очоод байдаг сайд биш. Сайдын хувьд бүх аймгуудаар хаана ямар асуудалтай байгаагаас нь хамаарч очиж ажиллаж байгаа. УИХ-ын чуулганы завсарлагаанаар үлдсэн аймгууддаа очиж ажиллах төлөвлөгөө гаргасан. Бид бие биеэ уриад байх шаардлага байхгүй. Хаана асуудал байна тэнд очиж ажиллах үүрэгтэй” гэсэн юм.