Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар мэдээлэл хийж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “УОК-оос өгсөн мэдээллээр Монгол Улсын хувьд батлагдаж буй тохиолдлын 90-ээс дээш хувьд Омикрон хувилбар давамгайлж байна.
Засгийн газрын хуралдаанаар хичээл сургуулийн талаар ярилцсан. УОК-ын эрдэмтдийн зөвлөлөөс өгсөн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхэнд халдварын тархалт хамгийн өндөр түвшинд хүрэх тооцооллыг гаргаад байна.
Ийм учраас БШУЯ-наас хичээл сургуулийг хэрхэн эхлүүлэх талаарх гурван төрлийн зохион байгуулалтын арга хэмжээг Л.Энх-Амгалан сайд танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс ЭМЯ, БШУЯ, УОК саналаа нэгтгэж шийдэх долоо хоногийн хугацаатай үүргийг өглөө.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй, аль нэг байгууллагаас ийм санал одоогоор ирээгүй байгааг мэдээлье. Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын харьяа байгууллагын алба хаагчдын 50 хувиар ажиллуулах УОК-ийн саналыг дэмжээгүй. Төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах үүрэг, чиглэл өглөө” гэсэн юм.