Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр өчигдөр (2022.01.17) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсад үйлчилж байгаа нийгмийн хамгааллын бодлого шинэчлэн өөрчлөгдсөөр байгаа хэдий боловч зорилтод бүлгийн иргэдийн амьдралын наад захын хэрэгцээг хангахгүй, дутагдалтай байсаар байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээ харилцан адилгүй, ялгаатай, Засгийн газраас амьжиргааны баталгаажих түвшинг тогтоосон мөнгөн дүнгээс дөнгөж дээгүүр байгаа байдал нь шударга, энэрэнгүй зарчимд суурилдаг манай улсын тэтгэврийн тогтолцоонд нийцэхгүй байгаагаас тэтгэвэр тогтоолгосон иргэдийн дийлэнх нь зээл авч, түүнийгээ төлж чадахгүй насан эцэслэж байна гэж хууль хууль санаачлагч танилцуулав.
Энэхүү хуулийн зорилт нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч иргэд банкнаас тэтгэврийн зээл авсан боловч төлж барагдуулаагүй байхдаа нас барсан бол түүний тэтгэврийн зээлийг чөлөөлж, төрөөс чөлөөлсөн тэтгэврийн зээлийг банканд олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа тул нийгмийн даатгалын газар болон банкуудад нэмэлт ажилтан шаардагдахгүй, нэмэлт үйл ажиллагаа явуулахгүй, нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн нас барсан зээлдэгч нийгмийн даатгалын шимтгзл төлсөн байдаг учир төрийн зүгээс үргүй зардалд тооцогдохгүй.
Хуулийн төсөл 5 заалттай бөгөөд өндөр насны тэтгэвэр авагч тэтгэврийн зээлд хамрагдаад түүнийгээ төлж барагдуулаагүй байхдаа нас барсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.