Саяхан УИХ-ын гишүүн Д.Гантулга Монгол Улсын УИХ-ын алтан соёмбот индэр дээрээс мэдээлэл хийвэй. Тэр мэдээлэл нь үнэндээ ичмээр.
Ард түмний дунд улаан махны хэрэг хэмээн цээрлэгдэн хэлэгддэг хүчинтэй холбоотой дэгдээд байгаа мэдээ сэлтэд хариулт өгч, уг хэргийг хийсэн, хийгээгүй талаар байр сууриа илэрхийлсэн юм. Төрийн ажил өрнөдөг энэ газраас ийм сэдвээр мэдээлэл хийсэн нь маш болчимгүй, ёсзүйгүй явдал болсныг хэн хүнгүй шүүмжилж “Төрийн минь сүлд өршөө” хэмээн залбирцгаав. Ингэхэд Төрийн ордонд ийм зүйлийн талаар ярьдаг болчихсон юм уу, эрхэм гишүүд ээ.
Энэ саарал ордон маань өмнөд монголчуудын ярьдгаар Салтаа байцаах газар болчих оо юу. Хэзээ тэр вэ, хэзээнээсээ, хэний өнгөн дээр ийм болчихсон юм бол гэж гайхаж байна. Монголын төр ийм үнэ хүндгүй, Төрийн ордонд маань Улаан дэнлүүний гудманд өрнөдөг элдэв завхай яриа хөвөрдөг газар болчихсон гэж үү. Төрийг доромжилно, доромжилно гэхэд үүнээс өөрөөр яаж доромжилно гэж вэ. Та бүхэн хэлээд өгөөч. Төрөө дээдэлдэг, олон жил төр барилцсан гэгддэг МАН яачихаад байгаа юм. Төрөө хүндлэхгүй байна гэдэг чинь ард түмнээ хүндлэхгүй байна гэсэн үг. УИХ-аар дүүрэн эмэгтэй гишүүд сууж байгаа. Та нар яагаад үгээ хэлэхгүй, бүлх залгисан мэт чимээгүй байна вэ. Уг нь “Наад бузар булайгаа хурдхан нүднээс далд зайлуул” гэж хамгийн түрүүнд дуугарч, эмэгтэйчүүдээ өмөөрч байх ёстой улс. Төрд эмэгтэй хүн заавал байх ёстой гэдгийн нэг том шалтгаан нь энэ сэн. Энэ удаагийн УИХ-д 13 эмэгтэй сууж байгаа нь парламентын түүхэн дэх хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ юм.
Эмэгтэйчүүдийг хүйсээр нь гадуурхаж, тохуурхаж дорд үзсэн уур амьсгал нийгэмд бүрэлдээд, зах зухаасаа цухуйж ил гарч буйг залуу гишүүний мэдээлэл нотлоод байгааг та нар анзаарахгүй байна уу. Нэгнийг нь нөгөөгөөр нь, найз хүүхнээр нь хөнгөн явдалтай мэтээр элдвээр зориуд хэлүүлэн нийтээр чиглүүлж байгаа нь Монголын нийт эмэгтэйчүүдийг бараг бүгд шахуу иймэрхүү хөнгөн, янзгүй амьтад гэж харуулаад эрчүүл нь инээлдэн сууж байна. Монголын түүхэнд ингэж төр засгийн зүгээс эмэгтэйчүүдийг доромжилж, дорд үзэж байсан удаа үгүй. Төрийн ордон дахь алтан соёмбот индрээс төрийн түшээ хүн ийм юм яриад мэдэгдэл хийж байгааг яалт ч үгүй төр засгийн байр суурь гэж харна. Нийгэм даяар ийм ойлголттой байна. Ер нь аль ч цаг дор төр засгийн удирдлагад байгаа хүмүүсийг нийгэм нь, залуус нь даган дуурайж, манлайлагчаа хэмээн хүлээн зөвшөөрч хэлсэн үгийг нь үг дуугүй дагадаг жишигтэй. Дээд удирдлага “Хулгайчийг барь” гэвэл нийгмээрээ эргэн тойронд байгаа хулгайч гэх хүмүүсийг барих гэж хөдөлдөг. Ийм л болохоор төрийн хүн, түшээ хүн гэж зангарагтай, хэлсэн үг нь хариуцлагатай байх ёстой болдог. Тэгтэл эхнэрээ, охиноо араар нь тавиад энд тэнд очиж хоносноо хээвнэг яриад зогсч байгаа нь байх л үзэгдэл, Монголын эрчүүл бүгд л ийм шүү дээ гэсэн ойлголтыг төрүүлчихэв. УИХ-ын гишүүн хүний өндөр ёсзүй, Монгол төрийн түшээгийн эрхэм чанар хаачив. Энэ бүхэн дээр УИХ-д эмэгтэй гишүүд та бүхний эрүүл саруул дуу хоолой ерөөсөө сонсогдохгүй байна. Яагаад чимээгүй суугаад байгаа юм.
Эр хүний 20-30 насыг манай монголчууд нохой шуугиулдаг үе гэлцдэг. Энэ нь болвоос айл хунараар охид, бүсгүйчүүлийг эргүүлж, тойруулж айлын банхруудын үйлийг үздэг тэр л насыг хэлж байгаа юм л даа. Д.Гантулга гишүүний хувьд нохой шуугиулдаг насан дээрээ л гишүүн болсон хүн шүү дээ.
Болоод буй үйл явдлыг тоймлон харваас бид УИХ-ын гишүүн хэмээх хариуцлагатай албанд нохой, шувуу шуугиулж, өмд, хувцасаа өмссөн эсэхээ яриад зогсч байдаг “балчир”, хүйсээр ялгаварлагч хүнийг сонгох гэхээсээ буурь суурьтай, хор нь гарчихсан, учраа мэддэг, амьдрал нь тогтчихсон “Би одоо эх орноо хөгжүүлье” гэж чин сэтгэлээсээ бэлэн болсон дөч гарсан хүмүүсийг төрд гаргах ёстой гэдгийг мэдэрцгээлээ. УИХ-ын эмэгтэй гишүүдэд 40 нас хүрсэн хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлдэг байх тухай хуулийг санаачлан гаргах шаардлага тулгараад байна. Тэгэхгүй бол төрийн түшээ хүн Төрийн ордны индэр дээрээс хүүхэн хүчиндэх нь хэвийн үзэгдэл мөн гэж яриад зогсох нь байх ёстой үзэгдэл мэт болж харагдах гээд байна шүү, эрхэм гишүүд ээ. Эмэгтэй гишүүд маань одоо л цагийг нь олж дуугарч, дохио өгч зогсоохгүй бол Монгол Улс маань эмэгтэйчүүдийн эрхийг зөрчдөг, дорд үздэг өнөө айхавтар дэг ёстой Арабын зарим орнууд шиг болох нь. Эмэгтэй хүнтэй нохойноос дор харьцаж, бурангуй ёсоор боож багладаг тийм хэцүү нийгэм бидэнд хэрэггүй.
Эмэгтэй гишүүд дээр өгүүлсэнчлэн 40 нас хүрсэн хүмүүсийг төрд гаргах хууль санаачилбал түүн шиг дэмжлэг авах хуулийн төсөл байхгүй байх шүү. Явж явж дөчин нас хүрээгүй хүн улс орноо удирдана гэж ямар юм байдаг юм. Нас насанд эрэмбэ, дараа гэж бий. 40-50 насанд хүний оюун ухаан дээд зэрэгтээ хүрдэг бөгөөд ямар нэг хэрэггүй зүйлд толгойгоо гашилгадаггүй, сонин содон зүйлийг дагаж гүйгээд байдаггүй томоожсон нас байдаг. Хүн төрөлхтний түүхэн дэх алдартай нээлтүүдийг дандаа л 40-өөс дээш насныхан хийсэн байдаг тухай судалгаа бий.
Бид төрийнхөө үнэ цэнээ эргүүлэн олж авч, төрийн түшээгийн ёсзүй, Төрийн ордны ариун байдлыг сахин хамгаалахын тулд УИХ хэмээх өндөр босгоор алхах гишүүддээ туйлын нарийн шалгуур тавьж байж сонгох хатуу шаардлага тулгараад байна. Үүнд эмэгтэй гишүүд л түүчээлэн санаачилга гаргаж, уран санаа бодлоо тусган хуулийн төсөл яаравчлан санаачилж батлуулахаас өөр зам алга. Төрийн ордон хэмээх үнэ хүндтэй ордонд маань Салтаа байцаах газар шиг байтугай түүнээс ч дор хэмжээний явдал, яриа өрнөвөл хичнээн ч хашгираад шүүмжлээд тусыг эс олно. Тиймээс эрхэм эмэгтэй гишүүд та бүхэн энэ бүгдэд анхаарал хандуулж, оройтоогүй дээр нь, наадам, наргиа гэж туйлшралгүй Төрийн эрхэм нэр хүндийг цэвэр ариун байлгахад хүчээ хавсарцгаана уу. Тэгэхгүй бол дараагийн удаа хэн гэдэг түшээ алтан соёмбот индэр дээрээс юу гэж ярьж, эмэгтэй хүнийг дорд үзэн, төрийг гутамшиглан доромжлох бол хэмээн жирийн иргэд түгшиж байна. Төр гэдэг чинь туйлын ариун зүйл.
Эх сурвалж: Өдрийн сонин
3 comments
Ger orondoi honodoggui iim muuhai heregt holbogdchihood yund ni sandal shireendee horgodood bgaam be icheech .Ulsiin ih huraliin gishuud naad hunee hurdan ogtsruulaach.tolivshij tomoojood dahin songuulid orsoldoh yum bgaa biz tiim durtai yum bol.ene huneer l dutav gej.
Ийм боожгойныхоо учрыг мэдэхгүй чацга төрийг гутаан доромжилж байна Бүсгүйчүүдийг дээрэлхэж хуулийг гууль болгож байна Байх газарт нь үтэр түргэн хийх хэрэгтэй Төрийн ордон минь арай ч дээ МАН ынхан яагаад таг дүлий болчихвоо Аль эсвэл хамсаатангууд уу?
толгой нь ал болсон пизда