Ярилцсан Л.ДӨЛГӨӨН
Улсын хэмжээнд 2020 оны байдлаар 14.252 гэр бүл гэрлэлтээ батлуулж, 3.316 гэр бүл хуулиар гэрлэлтээ цуцлуулжээ. 3.5 сая орчим хүн амтай улсын хувьд гэр бүл салалт өндөрт тооцогдож байна.
Тиймээс гэр бүл салалтад түлхүү нөлөөлдөг хосын харилцааны талаар Германы Берлин хотод амьдардаг хосын харилцааны сэтгэл засалч П.Нямцэцэгтэй бид онлайн ярилцлага хийснээ хүргэж байна. Түүнийг Social дахь Zezge Life and Love Coach хаягаар хүмүүс таньдаг болоод байгаа юм.
–Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэмэгдсээр л байгаа. Үүний сөрөг талд хүүхэд өнчирч үлдээд байна. Гэр бүлийн тал дээр барьж ирсэн монголчуудын уламжлалт арга өнөө цагт бүр мартагдсан. Нөгөө талдаа залуучууд руу хандсан бат бөх гэр бүл байх зөвлөгөө, зөвлөмж ч ховор байна. Энэ асуудлаар яриагаа эхэлье. Гэр бүл болох хүнээ хэрхэн, ямар шалгуураар сонгож авах ёстой вэ?
-Би энд нэг зүйлийг онцгойлж хэлье, “Зүрхний хайр”. Бид зүрх сэтгэлийн хайртай хүнээ биш, бидний тархины шалгуурыг давсан, энэ л намайг бусдаас илүүгээр ойлгох болов уу, бусад хэн нэгнээс илүүтэй “аваад явах” болов уу, үүнээс илүү нь надад олдохгүй болов уу гэх мэт хэрэгтэй хэрэггүй баахан зүйл бодож тооцоолсны үндсэн дээр хэн нэгнийг сонгосноосоо болоод ямар ч дархлаагүй гэр бүл үүсгээд байна.
Ийм гэр бүлийн хоёр бие биенээсээ маш том зүйл хүлээдэг. Учир нь тэд хайрлах бус хайрыг авах гэж л хэн нэгнийг сонгодог. Хайран дээр үндэс нь тавигдаагүй гэр бүл хамгийн эхний жижиг зөрчилдөөн дээр “ноён нуруу” нь хугараад эхэлдэг. Хүлээлт их байгаа газар гомдол тунирхал, өвдөлт тэрнээс улбаалсан тэмцэл их байдаг.
Тэмцэл байгаа газар хэн нэг нь ялагч нөгөөх нь ялагдагч болно. Ингээд тэмцэлдээн нь эцэс төгсгөлгүй бие биенээ ялах гэсэн өрсөлдөөн болж хувирдаг. Гэр бүлийн харилцаа “нүдний ижил төвшний” харилцаагаар (хоёр насанд хүрсэн БИ-ийн харилцаа) тодорхойлогдох ёстой. Энэ харилцааг хийх хамгийн гол үндэс нь бие биенээ ойлгохыг хүссэн нинжин сэтгэлийн хайр байдаг юм.
Тиймээс жинхэнэ хайр хариу нэхдэггүй, ямар ч хүлээлт байдаггүй яг л байгаагаар нь хайрладаг. Зөрчлийн үед “би дандаа бууж өгөхдөө яадгийн ёстой үгүй шүү” гэдэг өчүүхэн ч тэмцэл агуулдаггүй, харин ч яагаад миний хайр ийм тавгүй байна, яавал би илүүтэй энэ хүнийг ойлгож чадах уу гэдэг өнцгөөр асуудалд ханддаг.
Хайран дээр үндэслэсэн гэр бүл хэзээ ч хагарч бутрахгүй гэсэн баталгаа байхгүй л дээ. Гэвч хамаагүй бат бэх байдаг учир нь тийм гэр бүл ХАЙР-аа үргэлж хоёр талаас нь усалж тордож арчилж байдаг юм. Ингэж байж хайрыг улам ургуулж цэцэглүүлдэг юм.
–Хосууд бие биенийгээ таньж мэдээгүй байж шууд сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөөд гэр бүл болох хандлага их байна. Үүнээс үүдсэн гэр бүлээс гадуурх харилцаа, хүүхэд өнчрөх асуудлууд олон гараад байх шиг байна?
-Жинхэнэ хайр мөн эсэхийг олж мэдэхэд долоон жил хэрэгтэй гэсэн судалгаа ч байдаг. Үүнээс сохор дурлалын үе нь 1,5 орчим жил үргэлжилдэг. Үүний дараа өдөр тутмын бодит амьдрал, хямрал гээд бусад үеүүд үргэлжилдэг. Яг энэ эмзэг үеүүдэд бидний хайрын АРЧИЛГАА гэдэг юм илүүтэй шаардагддаг. Хосууд хэдий залуу байх тусмаа хайрын үнэ цэнийг бага мэдрэх нь бий.
Тэд сохор дурлалын үеийг хайр гэж андуурсандаа ихэдлээ гээд хоёр жил болоод л хайргүй болчихлоо хэмээн хосын харилцаагаа маш хурдан дуусгах хандлага ажиглагддаг. Энд маш хортой хоёр үр дагавар бий. Нэг нь хайрын харилцааны буруу дадал зуршил, нөгөөх нь хүүхэд өнчрөн үлдэх тохиолдол.
Хайрын харилцааны буруу дадал зуршил (Hollywood дурлал ч гэж нэрлэдэг) гэдэг нь амьдралын бэрхшээлт үеийг даван гарч түүнээс суралцах ёстой зүйлээ сурч авалгүйгээр балнаас баланд шунаж нисэж буй зөгий шиг л дурлалт үеээс дараагийн дурлалт үе үрүү л улам бүр шунасан, хэзээ ч сэтгэлд хүрсэн удаан хугацааны хайрын харилцаа үүсгэж чаддаггүй тохиолдол.
Дараагийн муу үр дагавар нь хүүхэд өнчрөлт. Хосын харилцаа дууслаа гэхэд хүүхэд гарчихсан тохиолдолд эцэг эх байхын тулд “ухамсартай салалт” явагдах ёстойг ойлгодог нь тун ховор. Өнөө л хосын тэмцлийн хамгийн том золиос хүүхэд л болдог.
Ээж аавын дутаасан хайрыг харамсалтай нь ямар ч сайн эмээ өвөө орлож чаддаггүй. Маш том СҮҮДЭР ХЭСЭГ үлддэг. Яг энэ гэмтлийг хэн ч сөхөж ярьдаггүй, цаг хугацаа л эмчилнэ хэмээн найддаг. Цаг хугацаа харамсалтай нь эмчилдэггүй, харин ч улам битүү шархлуулдаг. Шархтай зүрх өсөж томроод дараагийн зүрхийг л шархлуулна, учир нь тэрнээс өөрийг тэр мэдэхгүй шүү дээ.
–Залуу хүмүүс хэн нэгэнтэй хайр сэтгэлийн холбоотой болохоос өмнө гэрлэлтийн тал дээр сэтгэл зүйгээ ер нь хэрхэн бэлдэх хэрэгтэй вэ?
-Хайр сэтгэлийн холбоо байлгүй л яахав. Харин гэр бүл үүсгэж үр хүүхэдтэй болох тал дээр төлөвлөлт хийж л сурмаар байна. Амьдралд хариуцлага хүлээж суртлаа гэх үү дээ. Хэн нэгнээс хайр хүсэж хүлээх биш өөрөө өөрийгөө хайрлаж эхэлж сурах хэрэгтэй. Өөрийгөө хайрлах гэдэг нь хэн нэгнээс хараат бус байх хариуцлага хүлээж сурахаас л эхэлнэ.
Хамгийн наад зах нь хоол ундаа өөрөө хийж сурах, санхүүгийн хувьд мөнгөтэй харьцаж сурах, хуримтлал үүсгэж сурах гэх мэт. Тэгж чадаагүй цагт таталцлын хуулийн дагуу хараат байдлын хамааралтай сул хүн хараат байдлын хамааралтай сул хүнийг л өөртөө татна.
–Гэр бүлийн хүмүүжил нь хосын харилцаанд хүчтэй нөлөө үзүүлдэг гэж та үздэг үү. Залуу гэр бүлд гэр бүлийн хүмүүжил нөлөөлөх, түүнээс шалтгаалаад салалт үүсэх ийм эрсдэл гардаг гэж үздэг үү?
-Гэр бүлийн хүмүүжил нь хосын харилцаанд гэхээсээ илүү хувь хүний мөн чанарт хүчтэй нөлөө үзүүлдэг. Азаар насанд хүрсэн хүн бүр өнөөдөр чи хэн байх вэ гэдгээ өөрөө сонгох боломжтой нийгэмд бид амьдарч байна.
Тиймээс хүн бүр аль болох залуу наснаасаа л хувь хүний хөгжлийг сонирхож, хэн нэгнээс хараат бус байх хариуцлагаа хүлээгээд сурчихвал хосын харилцаандаа хоёр талын гэр бүлийн хүмүүжлийн зөвхөн эерэг зүйлсийг л нөлөөлөхийг зөвшөөрч, бусад асуудалд хаалт тавих боломжтой. Хараат байдлын хамааралтай сул хүмүүс л гадны нөлөөнөөс хамааралтай салалтад өртөх магадлалтай байдаг.
–Гэр бүлийн хүмүүжил залуу хосод, залуу гэр бүлд нөлөөлөөд байгаа бол асуудлыг хэрхэн эв зүйтэй шийдэж болох вэ?
-Харилцааны урлаг, ялангуяа хүч хэрэглэхгүй харилцаа (Marshall Rosenberg) гэдгийг залуус заавал суралцах хэрэгтэй. Энэ бол зөрчлийг шийдэх хамгийн том зэмсэг болж өгнө. Гэр бүл хосын харилцаа, хадам, бэр, хүргэний харилцаа гэх мэт зөрчил, асуудлын үед зөв үг сонгож өөрийгөө зөвөөр ойлгуулах чадварт суралцсан цагт бид зөв шийдэлд л хүрдэг.
Хосын амьдралд буруугаар нөлөөлж байгаа аав, ээжийн оролцоог зөвөөр ойлгуулж хэлээд хаалт тавьж сурах нь залуу хосын сэтгэл зүйн эрүүл мэнд, харилцааны урлаг, хувь хүний хөгжлийн төвшингөөс шууд хамаарна. Тэгэхээр залуус өөрсдийгөө хөгжүүлэх л хэрэгтэй байна.
–Цаашдаа хамтран амьдрахаар шийдсэн хосууд маань гэр бүл болохдоо юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Нэгэнт гэр бүл болох шийдвэрийг гаргасан бол нэг “баг” болж ажиллаж нэг зорилгын төлөө хамтдаа тэмүүлэх л үлдэж байгаан. Чи, би, танай аав ээж, манай аав ээж гэж талцахгүй гэдгээ эхнээсээ маш сайн тохирох хэрэгтэй.
Багаар ажиллахын онцлог багийн гишүүдийн сайн давуу талуудыг ашиглан хамтын зорилгодоо хүрэх шүү дээ. Тэгэхээр хэн нэгний гэр бүлд байгаа дутагдалтай тал дээр анхаарлаа хандуулан, хэрүүл хийж талцан хамаг энергиэ баралгүйгээр үүнээс хойш амжилт алдаа бүхэн зөвхөн БИДНИЙХ гэдэг сэтгэлгээгээр бүх зүйлдээ хандахыг хичээгээрэй.
–Гэр бүл төлөвлөлтөө яаж хийвэл зүгээр вэ?
-Тэдэн нас хүрч байж гэр бүл төлөвлөлт хийнэ гэхээсээ илүү хариуцлага гэдэг үгийн учрыг л маш сайн ойлгоод мэдсэн цагт тэр хүн гэр бүл эрт бий болгосон ч их алдаад байхгүй л дээ. Орчин үед хүүхдүүддээ жинхэнэ quality time гаргаж чаддаг залуу аавууд их болжээ. Үнэхээр бахархмаар. Хүүхэд аз жаргалтай аавтай ээжтэй гэдгээ үргэлж мэдэрч чадах тэр амьдралыг бий болгож чадах үедээ л гэр бүл төлөвлөвөл.
Гэр бүл гэдэг чинь эхнэр нөхөр хоёрын хамтран ургуулж цэцэглүүлж буй цэцэрлэг гээд л бодчих. Эмэгтэйн хайр нар болж цэцэгсээ ургуулдаг бол эрэгтэйн хайр ус болж цэцэгсээ ундаална гэх мэт. Энэ утгаараа гэр бүлийн тогтвортой байдал өдөр тутмын эхнэр нөхрийн хоёрын талын цэцэгсийн арчилгаа хир байгаагаас шалтгаална. Нэгэнт чи одоо минийх боллоо гэсэн шиг санаа амраад хайр халамжаа багасгаад ирвэл тэр хайрын цэцэрлэг чинь гундана шүү дээ.
Тиймээс насан турш бид хайраа хамгаалж, хэрэгтэй үед харилцааны арга барилаа сольж, шинээр суралцаж байж л хайрын цэцэрлэгээ цэцэглүүлнэ.
-Хосууд, гэр бүлийн хоёрын харилцаанд гүүр босгочихдог нэг юм бол асуудлыг өөрийнхөө сонирхлоор шийдэх, өөрийн бодлоо нөгөө хүндээ тулгах явдал байдаг. Бие биенээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, асуудлаа эв зүйтэй шийдэх тал дээр өгөх зөвлөмж юу вэ?
-Яг асуудал гараад ирсэн үед өөрөөсөө амар амгалан аз жаргалыг хүсэж байна уу аль эсвэл энэ тэмцлийн ялагч байхыг хүсэж байна уу гэдгээ дандаа асууж байгаарай. Бид аль нэгийг нь л авах боломжтой байдаг юм.
Асуудлыг хэн эхэлсэн, хэний буруу байсан гэх мэт хэн нэгэн хэрэгтэн хайж цагаа үрэлгүйгээр БИДНИЙ хамтын зөв шийдэл юу вэ гэдгийг хамт хайх, энд анхаарлаа төвлөрүүлж чадвал бид хэн нэгэнд өөрийн бодлыг тулгах, өөрийн сонирхлоор асуудлыг шийдэх гэлгүйгээр бие биенээ яг байгаагаар нь алдаа дутагдалтай нь хүлээн зөвшөөрч хайрлаж чадаж байгаагийн илрэл юм.
-Орчин үед хосын харилцаанд гарч байгаа хамгийн том зөрчлүүд таны харж байгаагаар юу байна вэ?
-Араар тавилт, хууран мэхлэлт. Биеээр дотносож сексийн харилцаа үүсгэснээ хайр хэмээн андуурах тохиолдол их байна. Яг үүнтэй адил жишээлбэл өөрийн санхүүгийн болон биеийн хэрэгцээ шаардлагыг хангахын үндсэн дээр бий болсон дотносох харилцаа бол хайр биш юм. Энэ бол хараат байдлын хамаарал юм. “Чи надад хэрэгтэй учир би чамд хайртай” “Би чамд хайртай учир чи надад хэрэгтэй” гэдэг хоёр өгүүлбэрийн ялгааг олж харж байж гэр бүл үүсгээрэй. Тэгж чадаагүй байхад итгэл алдсан хууран мэхлэлт дуусахгүй.
–Эхнэр, нөхөртөө хайрлагдах нууц жор нь юу вэ?
-Чи хайрлагдахыг хүсвэл зүгээр л хайрла. Хариу нэхээгүй хайр л хайрын харилцааны нууц жор. Хариу нэхээгүй хайраас л хамгийн гоё амар амгалан ундардаг. Амар амгаланг мэдэрсэн хүн л буцаагаад чамд амар амгаланг бэлэглэнэ.
Ярилцсанд баярлалаа.