Хойд Солонгосын хакерууд 2021 онд криптовалютын платформууд руу дор хаяж долоон кибер халдлага үйлдэж, ойролцоогоор 400 сая доллартай тэнцэх дижитал хөрөнгө олж авсан хэмээн программ хангамжийн Chainalysis компанийн тайлангаас иш татан The Guardian бичжээ.
Тус компанийн тайланд “Хойд Солонгостой холбоотой хакерын халдлагын тоо 2020-2021 онд дөрвөөс долоо болон нэмэгдэж, эдгээр халдлагаас олсон ашиг 40 хувиар өссөн” хэмээн дурджээ. Мөн “БНАСАУ тэрхүү мөнгийг нуун дарагдуулж, бэлэн мөнгө болгохын тулд мөнгө угаах үйл явцыг эхлүүлсэн” хэмээн бичсэн байна.
Түүгээр ч зогсохгүй Хойд Солонгосын хакерууд COVID-19-ийн эсрэг вакцин үйлдвэрлэдэг компани руу кибер халдлага үйлдэхийг оролджээ. Chainalysis тайландаа БНАСАУ-тай холбоотой хакеруудын гол үйл ажиллагаа нь хөрөнгө оруулалтын компаниуд болон төвлөрсөн биржүүдэд чиглэж, фишинг халдлага, хортой программ хангамж илгээх зэрэг аргаар мөнгө залилсан тухай онцолжээ.
Цахим халдлагын нэлээд хэсгийг АНУ-ын хоригт багтсан “Lazarus Group” хакерын бүлэглэл үйлдсэн байх магадлалтай байгаа гэнэ. Тус бүлэглэлийг олон улсын банк, харилцагчийн данс руу нэвтэрсэн, мөн 2014 онд Sony Pictures Entertainment-д кибер халдлага үйлдсэн хэмээн буруутгаж байсан юм.
Chainalysis мөн тайландаа Пхеньян мөн программ хангамжийн хэрэглээг өргөжүүлэх замаар хулгайлагдсан криптовалютыг угаах ажлыг эрчимжүүлсэн. 2017-2021 он хүртэл 49 кибер халдлагын үр дүнд олж авсан 170 сая ам.долларын “угаагдаж амжаагүй” криптовалютыг илрүүлсэн тухай дурджээ.
The Guardian сонинд бичсэнээр НҮБ-ын шинжээчид Хойд Солонгос нь хориг арга хэмжээг тойрч гарахын тулд хулгайлсан хөрөнгөө цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ашигласан хэмээн буруутгасан байна.
Тус хэвлэл өнгөрсөн жил АНУ Хойд Солонгосын тагнуулын албанд ажилладаг Хойд Солонгосын гурван программистыг олон жилийн турш хакердсан хэргээр буруутгаж байсныг дурдсан бол Вашингтон Пхеньяны кибер халдлагаар ердийн болон криптовалютаар 1.3 тэрбум доллар хулгайлах зорилготой байсан. Үүнээс гадна тэд янз бүрийн компани, банк, Холливудын кино студийн ажилд нөлөөлөө үзүүлсэн хэмээн үзжээ.
Эх сурвалж: INTERFAX