Оросын Свердловск мужийн боловсролын байгууллагуудад мина тавьсан гэх мэдээлэл лхагва гарагт ирсний улмаас хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Энэ мэдээлэл хилийн чанадаас ирсэн болохыг Холбооны аюулгүйн албаны бүсийн газраас мэдээлжээ.
Ийм мэдээлэл цацах болсон гол зорилго нь нийгэмд сандрал үүсгэх замаар Свердловск мужийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэх, түүнчлэн хууль сахиулах байгууллага, бүсийн яаралтай албадын ажиллагааг нэмэгдүүлж, эдийн засагт их хэмжээний хохирол учруулах зорилготой гэжээ.
Свердловск мужийн Холбооны аюулгүйн албаны газар цаашид ийм мэдээллийг хүн амынхаа аюулгүй байдал, объектуудыг гадны болон дотоод аюулаас хамгаалахын тулд шуурхай хүлээн авна гэсэн байна.
Тус мужид зөвхөн өнгөрсөн онд л гэхэд алан хядах ажиллагаатай холбоотой хуурамч мэдээлэл өгсөн гэдгээр 10 хүнийг эрүүгийн хариуцлагад татсан байна. Екатеринбургт лхагва гарагт гарсан мэдээллийн улмаас 60 мянга гаруй хүнийг сургуулиас гаргажээ.
Энэ хэрэгт бараг бүх дунд сургууль, их, дээд сургууль, коллеж өртжээ. Гэвч сургууль орчимд хяналт шалгалт хийхэд ямар нэгэн мина, тэсрэх төхөөрөмж илрээгүй байна. ОХУ-ын Эрүүгийн хуулиар алан хядах ажиллагаатай холбоотой хуурамч мэдээлэл өгвөл 5 хүртэлх жил хорих ял оноодог байна.
Эх сурвалж: INTERFAX