Улс орнууд бүүстер хөтөлбөрийнхөө хоорондын зайг аль болох холдуулж, бүс бүрээр хүйтний улирлын эхлэл үетэйгээ холбож өгөхийг зөвлөж байна.
Covid-19-ийн эсрэг байнга нэмэлт тун хийх нь хүний дархлааны хариу үйлдэл таагүйгээр нөлөөлж, ядрааж болзошгүй гэж Европын эм бэлдмэлийн агентлаг (EMA)-аас мэдэгджээ.
Европын холбооны тохируулагч байгууллагаас бүүстер тунг 4 сар тутамд тариад байвал эцсийн дүндээ хүн амын дархлаа суларна гэж үзэж байна. Үүний оронд нэмэлт вакцинжуулалтын хөтөлбөрийн хоорондын хугацааг аль болох холдуулж, томуугийн вакцин шиг хүйтэн сэрүүний улирал ойртохтой зэрэгцэн хийж болно гэсэн санааг гаргажээ.
Дэлхийн зарим улс орон өдгөө хүн амаа бүүстер тунгаар тарьж, илүү халдвартай “омикрон” омгоос хамгаалахыг хичээн ажиллаж буй. Израиль улс л гэхэд 60-аас дээш насны иргэддээ хоёр дахь нэмэлт тунг хийж эхэлсэн дэлхийн анхны улс болсон. Их Британи улс бүүстер тунг хамгаалалтын өндөр түвшинд хүргэдэг ч хоёр дахь нэмэлт тун одоохондоо хэрэггүй гэсэн юм. “Нэмэлт тунг нэг, эсвэл хоёр удаа хийж болно. Гэхдээ үүнийг байнга давтах хэрэггүй гэж бодож байна” хэмээн ЕМА-гийн эрүүл мэндийн биологийн аюул, вакцины стратегийн тэргүүн Марко Кавалери мэдэгджээ. ЕМА-гаас түүнчлэн вирусийн эсрэг аман болон венийн судсанд хэрэглэдэг бэлдмэлүүд, тэр дундаа ремдесивир, паксловид нь “омикрон” шинэ хувилбарын эсрэг үр дүнтэй гэж мэдэгджээ.