Шахмал түлшний хэрэглээнд шилжсэн хоёр өвөл эрс хүйтэн өдрийг эс тооцвол нийслэлчүүд утаан хөшиг төдийлөн үзээгүй. Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд утаан хөшиг битүү татаж байгаа нь нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж, албан тушаалтнуудыг сандаргаж эхэллээ.

Байгаль орчны сайдаас эхлээд албан тушаалтнууд буруутны эрэлд гарч, муу л бол захын хар овоохой гэдэг шиг сайжруулсан түлш түлдэг  гэр хорооллын хэдэн айлаа ч самчиж үзэв. Өчигдөр (2022.01.13) Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд ажиллаж НМХ, МХЕГ, цагдаагийн байгууллагын хамтарсан баг гэр хорооллын утаа хаанаас үүдэлтэй болохыг шалгахаар газар дээр нь ажиллалаа хэмээн сайрхав.

Сайрхаад зогсохгүй Байгаль орчны сайд “Улаанбаатар хотын яг утааны голомт болоод байгаа газрууд дээр дрон нисгэнэ. Тухайн үүсгээд байгаа айлууд дээр нь очиж тэр айл шахмал түлш хэрэглэж байна уу, эсвэл өөр төрлийн түлшнээс бусад материал түлээд байна уу, эсвэл түүхий нүүрсний хэрэглээ бодитой байна уу, гэдэг дээр нэн яаралтайгаар шалгалт хийнэ” гэж мэдэгдлээ.

Өнгөрсөн өдрүүдэд Нийслэлийг бүрхсэн утааны эх үүсвэр борлуулалтын цэгүүд байна уу, галлагаан дээр цогшилт үүсчихсэн байгаа үед бол яндангаас утаа гарч байна уу гэх зэргээр гэр хорооллын хэдэн иргэдээ шалгаад эндээс юу ч олсонгүй.

Сайжруулсан түлш яагаа утаа хаяад эхлэв гэдгийг хэрэглэгчид нь хэлээд байхад сайд, дарга нар тэдний үгийг огт хэрэгсэхгүй дээгүүр нь сэвж, Байгаль орчны сайд нь дрон нисгэх гээд зогсож байх юм. Ямар завтай хүн бэ?

Таван толгой түлшийн үйлдвэрлэлийн явцад алдаа гарсан юм биш үү. Үүнээс болоод тус компани чийгтэй, нойтон түлш худалдаанд гаргаж, илчгүй болсон нойтон түлш уугиж, утаа хаяад, сайд таныг гудамжинд ажиллахад хүргэж байгааг ойлго, Байгаль, орчны сайд аа!

Энэ бол Тавантолгой түлшээс сүүлийн үед худалдаанд гаргаж байгаа түлшний зураг. Барьцалдуулагчтай, хатуулагтай гялгар харагддаг түлш уутандаа ийн задарч ирдэг болсон байна. Үлдсэн бүтэн хэсгийг хүн хөлөөрөө гишгэхэд л үйрч задарч унадаг болжээ.

Харин энэ бол хатаах дамжлагад дутуу орсон нойтон түлш. Уутны гадна талдаа битүү цан цохьчихсон байгаа байдал.

Чийгтэй, нойтон түлш худалдаанд гарч байгаа учраас нойтон түлш илчээ өгөхгүй дэмий уугиж, утаа хаяж байгаа байдал бол энэ байна. Энэ зураг дээр зөвхөн нэг айлаас гарч буй утаа харагдаж байгаа. Нийслэлийн 220 мянган өрх айлаас ийм утаа гарахаар Улаанбаатар хар саарал өнгөнд дарагдаж, 1 сая илүү хүн хордохгүй гээд яах вэ.

Цаг заваа зарж дрон нисгэж, гэр хорооллын айлуудыг шалгаад нэмэргүй, Тавантолгой түлшний үйлдвэрлэлийн дамжлагыг шалга Н.Уртнасаан!

Д.ЖАРГАЛАН

By updown

3 thoughts on “Дрон нисгэж айлуудыг шалгаад нэмэргүй, Тавантолгой түлшний үйлдвэрлэлийн дамжлагыг шалга Н.Уртнасаан!”
  1. Түлшин доторх барьцалдуулагч нь үнэтэй учир оронд нь хортой хямд бодис хэрэглэж байгаа гэж түлшний үйлдвэрт ажилладаг хүн хэлсэн шүү

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн