Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 995 дуудлага мэдээлэл иржээ.
Нийслэлд хүн гэмтэж, бэртсэн нийт 16 осол бүртгэгдэж, 17 хүн гэмтсэний гурав нь хүүхэд байна. Мөн орон нутагт ослын улмаас 10 хүн гэмтсэний хоёр нь хүүхэд бөгөөд, ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас баржээ.
Энэ 7 хоногт хүүхэд өртсөн нийт таван осол бүртгэгдэж 6-10 хүртэлх насны хүүхдүүд гэмтсэн байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж, замын хөдөлгөөнд оролцуулах, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үед гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна.
Тээврийн хэрэгслийн жолооч нар “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцохыг анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба