Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан юм.
Харин УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар Үндсэн хуулийн цэцэд хандан, энэ заалт Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг зөрчсөн гэж үзжээ.
Үндсэн хуулийн оршил:
Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал цэцэд хандсан шалтгаанаа тайлбарлав:
-Би Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргах эрхээ эдэлсэн. АН-ын бүлэг энэ асуудлаар нэгдсэн байр сууриа илэрхийлэх байх. 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Засгийн газрын бүрэлдэхүүнд дээд тал нь дөрвөн сайд давхар дээлтэй байхыг зөвшөөрсөн юм. Энэ дагуу одоогийн Засгийн газрыг бүрдүүлсэн. Харин олон улсын жишигт УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах нь илүү үр дүнтэй байдгийг нотолсон. Би энэ итгэл үнэмшлээр асуудалд хандаж байна. Эцсийн шийдийг МАН гаргана. Гэхдээ тэд энэ асуудлыг ил ярихаас ичдэг.
Жишээ нь Н.Алтанхуягийн Засгийн газарт олон УИХ-ын гишүүн багтсанаар маш сайн ажилласан. Би МАН-ын захиалгаар Үндсэн хуулийн цэцэд хандаагүй. Засгийн газар мэргэжлийнх байх ёстой байтал одоогийн сайд нараас хэд нь мэргэжлийн гэдгийг та бүхэн хараарай. Үндсэн чиглэлийн яамдыг мэргэжлийн хүн удирдах ёстой шүү дээ. Сангийн яам, Хууль зүйн яам, БШУ-ны яам үндсэн чиглэлийнх.
Улс төрч хүн төр хүчтэй байгаасай гэсэндээ л асуудалд хандах ёстой. Түүнээс би сайдын суудал горилоогүй юм. Тийм зүйл болохгүй гэв.