УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Лхагва гаригийн (2022.01.11) хуралдаанаар Ардчилсан намын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгосон асуудал гэсэн 3 асуудлын хүрээнд төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох баримт, мэдээллийг цуглуулан санал дүгнэлтийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж АН-ынханд хандаж, дотроо эвтэй байх, өөрсдөө учраа олохыг уриаллаа.
УИХ-ын 2020 оны сонгуулийн дүн гарсан өглөө тухайн үед АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрч, намын ЕНБД Ц.Туваанд тамгаа шилжүүлэн өгснөөр Ардчилсан намд тамга, тэмдэг, даргын маргаан өрнөөд удаж байна. АН-ын даргын барианд хэн орж ирэх вэ гэсэн “марафон” зогсолтгүй үргэлжилж хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм.
АН хоёр хуваагдсан. Нэг жигүүрийг экс Ерөнхийлөгч Х.Баттулга толгойлон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг АН-ын даргад “өргөмжилсөн” бол С.Эрдэнийн тал М.Тулгатыг зүтгүүлж байгаа. Өнгөрсөн оны 12 дугаар сараас АН-д гурав дахь дарга төрөн гарч, сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрч байсан С.Эрдэнэ М.Тулгатаа ч мартан “АН-ын жинхэнэ дарга бол би” хэмээн мэдэгдээд байгаа.
Ардчилсан нам цаашдаа яах вэ, намаа нэг мөсөн задлах уу, эс бол эвлэрээд Монголын томоохон сөрөг хүчнийг сүйрлийн ирмэгээс аврах уу гэдэг дээр АН-ын лидерүүд ухаан зарахыг хүсэхгүй байгаа. Тэд өөр өөрсдийн шатрын хүүг түлхэж, 30 жил улс төрд бий болгосон орон зайгаа алдахгүйг хичээн чичирцгээж байна.
Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж АН-д яг юу болоод байна вэ гэдгийг шууд хэлж, цаашдаа яах ёстойг зөвлөж орхив.
Б.Пүрэвдоржийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна: Улсын дээд шүүх Ардчилсан намын дотоод асуудалд оролцохгүй, нэг албан бичиг, тамгатай нэг даргын нэр оруулаад ир гэж байгаа, маргалдаад байгаа талууд өөрсдөө дотроо учраа олцгоо.
Бид Улсын дээд шүүх дээр тамга болон даргын асуудлыг яриад байгаа. Улсын дээд шүүх маргалдагч талуудын өгсөн бичгүүдэд л хариу өгч байгаа. Тэр дотор агуулга нь ганц л байгаа. Намын чинь дотоод асуудалд оролцохгүй ээ, та нар нэг албан бичгээр, нэг тамгатай нэг дарга оруулаад ир. Тэгвэл бид бүртгээд өгнө гэж байгаа. Тийм учраас энд асуудал шийдэх нь ямар ч утга учиргүй юм гэдгийг та бүхэнд хэлье.
Маргалдаж байгаа талууд хоёулаа МАН-ын дарга нар дээр очиж, манай намын даргын асуудлыг шийдэж өг гэдгээ болих хэрэгтэй. Би “Эв нэгдэлтэй Ардчилсан нам” гээд 100 мянган гишүүнээ цуглуулаад Эв нэгдлийн их хурлыг зохион байгуулаад өгье. Энэ Их хурлаар Намын даргын болон бусад дүрмийн асуудлыг шийдээд өгье гэдэг ийм зүйлийг санаачлаад явж байна.
Өөрсдөө л эвтэй бай, хэн нэгнээр хэрүүлээ битгий шийдүүл. АН-ын тамганы, даргын асуудлыг МАН-аас гуйж авдаггүй юм, алалцаж байж авдаг байхгүй юу. Ардын намтай хэлэлцэж байж авдаггүй юм. Зуун мянган хүний гарын үсгийн учрыг олохгүй байгаа бол та нар өөрсдөө Ажлын хэсэг байгуулаад өөрсдөө учраа ол.
Юун Их хурал вэ, юун ажлын хэсэг вэ, больцгоо. Өөрсдөө л эвтэй бай. Нэгэндээ буулт хий. Олон мянган гишүүд чинь хараад сууж байгаа. Энд асуудал шийдэгдэхгүй, гурилдаад өнгөрнө.
Та нар өөрсдөө эвтэй байж л асуудлаа шийднэ. Тэгэхгүй бол юу ч шийдэгдэхгүй, энэ ажлын хэсэг чинь ингээд дуусна. Өөрсдөө Ажлын хэсэг байгуул, тал талаасаа хэдэн хүн гарга. Тэгээд өөрсдөө дотроо асуудлаа шийд л дээ.
Залуу гишүүн Ардчилсан намын тогоонд өрнөж байгаа маргааны голыг олоод хэлчхэв. Нэгэндээ буулт хийж сураагүй АН-ын лидерүүд, залуу гишүүдээ дарга болгон тоглуулж байгаа нөхөд энэ үгийг хэрхэн хүлээж авахаас Монголын хоёр дахь улс төрийн хүчин АН-ын ирээдүй шийдэгдэх нь үнэн билээ.