Л.ДӨЛГӨӨН
Технологийн зуун, хотын түгжрэл хүмүүсийг байнгын завгүй ажиллахад хүргэж байгаа. Түгжрэлийг зөв зохицуулах, хурдтай өрнөж байгаа мэдээлэлтэй зэрэгцэн ажлаа амжуулах нь хувь хүнээс цаг төлөвлөлт, хувийн сахилга батыг шаардаж байгаа юм. Цаг төлөвлөлт, хувийн зохион байгуулалт, зорилгодоо хэрхэн хүрэх вэ гэсэн асуудлыг тойрч Хүний хөгжил судлаач, төрийн удирдлагын докторант, Нийслэлийн сургалт судалгааны төвийн сургагч багш М.Мөнхжаргалтай уулзаж ярилцлаа.
-Шинэ он эхэлж байна. Хувийн зохион байгуулалт сайтай хүмүүс ерөнхийдөө шинэ оныхоо ерөнхий төлөвлөгөөг гаргаж байгаа болов уу гэж бодож байна. Цаг төлөвлөлтийн талаар та харин хүмүүст юу зөвлөх вэ?
-Цаг төлөвлөлт гэдэг зүйлийг ярихаас өмнө эхлээд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хуучин бол бид цагийг төлөвлөх гэж оролддог байсан. Цагийг хүн төлөвлөж чаддаггүй юм байна. Яагаад гэвэл цаг зогсдоггүй, ухардаггүй үргэлжилж байдаг. Тэгэхээр юуг төлөвлөх хэрэгтэй юм бэ гэхээр хүн өөрт байгаа цагт зориулж ажлыг төлөвлөх хэрэгтэй. Энэ бол цаг төлөвлөлтийн үндсэн агуулга юм. Цаг төлөвлөх гэдэг үгний цаана цагийг биш ажлыг төлөвлөх юм байна гэдгийг ойлгох юм.
Хүмүүс цаг дээрээ төвлөрөөд байдаг. Жишээ нь, 11 эсвэл 12 цагт ийм зүйлийг хийнэ гэх мэт эхлээд ажлаа төлөвлөх нь хамгийн зөв юм. Ажил яриад эхлэхээр хамгийн эхлээд юу чухал вэ, юу нь чухал биш вэ гэдэг нэг зүйл яригддаг. Энэ дээр л Elsenhower matrix буюу Цагийн төлөвлөлт хэрэгтэй болдог.
Энэ бол ажлаа төлөвлөх хамгийн шилдэг аргачлал. Бүх ажлаа яаралтай, яаралтай бус, мөн чухал ба чухал бус гэж дөрөв ангилна. Ингээд:
- Яаралтай, чухал зүйлээ эн тэргүүнд тавьж, тэр ажлаа өөрөө хийх
- Яаралтай бус хирнээ чухал зүйл байвал та өөрөө хийнэ гэхдээ яаралтай бус учир хэзээ хийж болох уу? Хойш нь тавина, гэхдээ төлөвлөгөөнд оруулна гэсэн үг.
- Яаралтай хирнээ чухал бус энэ ажлуудаа та болж өгвөл бусдаар хийлгэх арга замыг хайх нь зөв. Жишээ нь та төлбөрийг нь төлөөд хэн нэгэн хүнээр хийлгүүлж болно. Заавал бүх юмыг өөрөө хийх гэж оролдох хэрэггүй.
- Яаралтай бүс чухал биш гэсэн хүснэгтэд орсон ажлуудаасаа шууд татгалзах хэрэгтэй.
Хэрвээ: ухамсартайгаар өдөр тутамд хийж байгаа ажлуудаа шинжлээд үзэх юм бол бидний хувьд яаралтай, чухал бус ажлууд маш олон байдаг. Хэрэггүй зүйлд эрч хүчээ маш их үрж байдаг. Дахиад сайн анзаарах юм бол бусдаар харилцан ашигтайгаар хийлгэж болох ажил дээрээ хамаг цагаа алдаад байдаг. Энэ аргаар чухал ба чухал бусаа ялгах юм бол ажлын төлөвлөгөөнд хамаагүй илүү үр дүнтэй байдаг.
Хоёрдугаарт: төлөвлөгөө гэдэг зүйл хүнд хүсэл байгаад үр дүндээ хүрэхийн тулд өөрийнхөө үйл ажиллагааг тодорхой хэмжээнд цэгцэлж “Алийг хэзээ хийх вэ” гэдгээ төлөвлөх үйл явц юм. Үр дүнд хүрэхийн тулд төлөвлөж байна. Үр дүн нь бидний зорилго. Тэгэхээр би залууст юу гэж хэлэхийг хүсдэг вэ гэхээр зүгээр төлөвлөн гэдэг ойлголтыг толгойноосоо аваад хаячих хэрэгтэй.
Эхлээд: бүтэн жилээр нь зорилгоо тодорхойл түүнийхээ дараа 10, 11, 12 сард юуг нь хийчихсэн байх вэ гэдэг ерөнхий төлөвлөгөөгөө гарга. Үндсэндээ зорилгоос наашаа татаж байгаа саруудад зорилтуудыг тавь
Монголын нөхцөлд хоёр долоо хоногоор ажлаа төлөвлөх нь хамгийн үр дүнтэй. Түүнээс урт хугацаанд хийхээр нийгмийн нөхцөл байдал, хүмүүсийн хандлага гэх мэт зүйлсээс хамаараад тодорхойгүй байдлууд үүсдэг. Төлөвлөсөн зүйлс чинь хэрэгжихгүй байх магадлалтай. Тиймээс 7-14 хоногт төлөвлөгөөгөө яс хий. Хэрвээ төлөвлөгөөнд орж ирээгүй ажил гарч ирвэл сахилга баттай байж ирэх долоо хоногийн төлөвлөгөө рүүгээ оруулах хэрэгтэй.
-Төлөвлөлт хийж яваад, энэ төлөвлөгөө нь биелэхгүй бол хүний төлөвлөлт хийх сонирхол буурдаг. Ийм байдалд орохгүйн тулд юуг анхаарвал зүгээр вэ?
-Хүмүүс урт хугацаанд төлөвлөгөө хийгээд тэр нь хэрэгжихгүй байх юм бол өөртөө итгэх итгэлээ алддаг. Ер нь төлөвлөлт хийх гэдэг чинь худлаа юм биш үү гэж боддог. Цаашдаа бүр төлөвлөхгүй байх итгэл рүү ордог. Тэгэхээр өөртөө итгэх итгэл, сахилга бат гэдэг хоёр зүйлийг авч үлдэхийн тулд бид урт хугацаанд бус 7-14 хоногийн төлөвлөлтийг л хийх хэрэгтэй.
Энгийнээр жишээ авах юм бол бид орон зайн хувьд би эндээс гараад явлаа, миний хараа хүрэх газар хэдэн зуухан метр л харагдана. Тэгэхээр тэр хэдэн зуун метрээс цааш би юу байгааг хэрэх боломжгүй. Тэгвэл би хараа хүрч байгаа газартаа л хаагуур нь явах вэ гэдгээ шийдэж чадна. Яг үүнтэй адилхан бид цаг хугацааны хувьд бас их холыг харж чаддаггүй гэсэн үг. Тэгэхээр хараа хүрч байгаа газраа төлөвлөөд явах нь орон зайн хувьд хамгийн оновчтой. Иймэрхүү төлөвлөлтөө хийх нь өнөөдрийн нөхцөл байдалд маш оновчтой.
-Та цагийн төлөвлөлт хийж сурахаасаа өмнө ямар асуудалтай тулгарч байсан бэ?
-Залуу байхад яг одоогийн залууст тулгардаг асуудлууд надад тулгардаг л байсан. Төлөвлөх ёстой гээд л жилээр нь төлөвлөөд л тэгээд төлөвлөгөө чинь өөрөө биелэх магадлал хэцүү тэгээд ирэхээр маш их шантардаг. Энэ нь үйл явцыг ойлгох бус зүгээр л төлөвлөлтөд улайрснаас болж байгаа үр дүн.
Төлөвлөөд байгаагийн гол зүйл нь хүнд байгаа бүх зүйл хязгаарлагдмал жишээ нь санхүүгийн нөөц, эрч хүч, цаг хугацаа гэх мэтчилэн тэгэхээр өөрт байгаа нөөцөө илүү оновчтой зарцуулж илүү их үр дүнг бүтээхийн тулд л бид төлөвлөөд байгаа юм. Төлөвлөлт гэдэг бол үр дүнтэй зорилгод хүрэх явц гэдгийг л ойлгоод авах хэрэгтэй.
-Төлөвлөлт нь хэнд хэрэгтэй юм бэ. Өдийг хүртэл төлөвлөлт хийхгүй болоод ирсэн. Цаашдаа заавал төлөвлөгөө хийх шаардлагатай юм уу гэдэг асуудал ярих ч хүн байдаг. Ийм хүмүүст юу зөвлөх вэ?
-Тийм хүмүүсээс эхлээд “Та аз жаргалтай амжилттай нэгэн байхыг хүсдэг үү” гэж асуумаар байна. Хэрвээ хүсдэг бол “Төлөвлө, яагаад гэвэл амжилт гэдэг бол хүний бүтээмжээр хэмжигддэг хэр бүтээмжтэй байна. Төдий чинээ амжилттай байна гэсэн үг юм. Аз жаргал гэдэг бол хүний мэдрэмжээр хэмжигддэг. Тэгэхээр бүтээмж, мэдрэмж гэдэг хоёр зүйл, мөн өөрт байгаа нөөц боломжоо хэрхэн удирдаж, хэрхэн үр дүн гаргаж байгаагаас шалтгаалдаг” юм гэж хэлнэ.
Нэн тэргүүнд та амьдралынхаа эрхэм зорилгыг тодорхойл. Бидэнд нэг ийм ойлголт байдаг. Эрхэм зорилго алсын хараа гэхээр зөвхөн байгууллагууд л гэж бодоод байдаг. Үгүй, энэ эрхэм зорилго, алсын хараа нь хувь хүнд ч байх ёстой. Эрхэм зорилгоо харна гэдэг чинь би амьдралдаа яг юу хийж бүтээмээр байгаа тэр зүйл нь. Алсын хараа бол та түүнийгээ хийгээд хэр амбицтай байх юм юунд хүрэх юм гэсэн үг. Ингэж байж хүн бүхий л амьдралынхаа турш аз жаргалтай амжилт бүтээлтэй байх боломжтой.
Хэрвээ та төлөвлөгөөгүй явна гэдэг нь замбараагүй байна гэсэн үг. Замбараагүй амьдарна гэдэг нь та сэтгэл хөдлөлөө дагаж амьдарна гэсэн үг. Гэтэл сэтгэл хөдлөл таны энергийг ямар ч үр ашиггүй үрнэ гэсэн үг. Амжилттай яваа хүмүүс зөв зохион байгуулж чаддаг хүмүүс байдаг. Төлөвлөгөөгүй хүнд сахилга бат байдаггүй. Сахилга батгүй хүн бусдын итгэлийг алддаг. Бусдын итгэлийг алдсан хүн хүрээлэлгүй болж эхэлдэг.
-Төлөвлөлт хийсэн хүн нь төлөвлөөгүй хүнээс илүү амжилттай байдаг гэсэн судалгаанууд бий юу?
-Мэдээж олон улсын түвшинд хийгдсэн маш олон судалгаанууд бий. Би өмнө нь уншиж л байсан. Төлөвлөлт хийдэг хүн бол огт төлөвлөгөөгүй явдаг хүнээс амжилтад хүрэх, аз жаргалтай байх магадлал 20-30 хувиар өндөр байдаг.
-Төлөвлөлт хийе гэхээр хүмүүс дандаа хойш тавьдаг. Дараа долоо хоногоос, ирэх сараас эхэлье гэх мэтчилэн. Яаж яг одоо цаг дээр төлөвлөгөө гаргаж хэвших вэ?
-Үүний тулд бид сэтгэлийн хөдөлгөөн буюу EQ гэж нэрлэгддэг зүйлийг хянаж сурах хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөн буюу гэнэтхэн дургүй нь хүрэхээр болилоо эсвэл урам зориг авахаараа хийнэ гэдэг хандлага бол их гардаг. Ингэж сэтгэл хөдлөлөөрөө савлаж амьдраад байгаа учраас бид төлөвлөж чадахгүй байгаа юм.
Хэрвээ таны төлөвлөгөөнд чинь л багтаагүй бол хэчнээн сайхан зүйл байсан ч татгалзаж сур хэчнээн хэцүү зүйл байсан ч мөрдөх хэрэгтэй.