Ашигт малтмал газрын тосны газраас өнөөдөр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн агуулах дээр хяналт шалгалт хийлээ.
Стратегийн гол бүтээгдэхүүн болох шатахууны хангамж, нөөцийг тасалдуулахгүй, импортын татан авалт захиалгын тоо хэмжээг бууруулахгүй байлгах тал дээр тус газар ийнхүү анхаарч буй аж.
Энэ ажлын хүрээнд агуулахад хадгалагдаж байгаа шатахуун төрөл тус бүр дээр чанарын шалгалтыг хийхээр шинжилгээний дээжийг авав. Шинжилгээг АМГТГ-ын лабораторид 18 үзүүлэлтээр шинжлэх юм.
Монгол Улсын Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд “Газрын тосны бүтээгдэхүүний нөөц нь улсын болон компанийн нөөцөөс бүрдэнэ” гэж заасан.
Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор АМГТГ-аас жил бүр Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй нөөц бүрдүүлэх журмын дагуу 30-аас доошгүй хоногийн шатахууны нөөцийг гэрээ байгуулан бүрдүүлдэг.
Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг 106 агуулах, үүнээс 24 агуулах Улаанбаатар хотод 1,419 шатахуун түгээх станц, 10 орчим хийн байгууламжаар хангаж байна.
Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмын дагуу долоо хоног бүрийн Мягмар гарагт шатахууны нөөц, үлдэгдлийн мэдээ, мэдээллийг тогтмол гарган холбогдох байгууллагад хүргүүлдэг бөгөөд уг мэдээ, мэдээллийн үнэн бодит байдлыг тухайн аж ахуйн нэгжийн агуулах дээр сар бүр хэмжилт хийж, тулган баталгаажуулах замаар гүйцэтгэж буй аж.
2022 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 32 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс АИ-80 автобензин 64, АИ-92 автобензин 31, дизелийн түлш 28, ТС-1 онгоцны түлш 23 хоногийн нөөцтэй байна.
Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг хэвийн байлгах асуудлын хүрээнд ОХУ-ын Роснефть болон БНХАУ-ын Петрочайна Интернэшнл компаниас энэ сард нийт 117 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлох захиалга хийгдээд байгаа гэж Ашигт малтмал газрын тосны газраас мэдээллээ.