Хүүхдийн мөнгө олгох журмыг дахин шинэчлэхээр боллоо. Шинэ журмын төсөлд эцэг эхчүүд сар бүр хүүхдийн мөнгө авах хүсэлт илгээх ёстой байв. Иргэдийн хамгийн өргөн ашигладаг и-баримт аппликэйшн болон и-монголиа системээр дамжуулан хүсэлт хүлээн авна.
Ухаалаг гар утасгүй, интернетгүй бол иргэд харьяа Хөдөлмөр халамжийн хэлтэс болон банканд хандах талаар ч журамд тусгасан. ХНХЯ-наас боловсруулсан шинэ журмыг иргэд шүүмжлэн, чирэгдэл учруулсан заалт нэмсэн гэсэн юм. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас иргэдийн саналыг харгалзан энэ сарын 20-ноос өмнө журмаа дахин шинэчлэх үүргийг ХНХ-ын сайд А.Ариунзаяад өглөө. Учир нь хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-нд олгодог.
Шинэ журмаар тухайн сарын 20-ноос өмнө хүсэлтээ илгээгээгүй өрхүүдийн хүүхдийн мөнгийг хүүхдийн хуримтлалын нэрийн данс руу шилжүүлэх талаар ч тусгажээ. Энэ нөхцөлд эцэг эхчүүд хүүхдийн мөнгөө одоо ашиглаж буй, арилжааны банкны дансандаа хүлээн авахгүй юм.
Энэ асуудлаар ХНХ-ийн сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө. Тэрбээр “Яг одоогоор 500 мянгаад хүүхдийн хүсэлтийг авчихсан байна. Цахим хэрэглээгүй иргэд хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, аймаг, сум, дүүргийн хэлтсүүдээрээ дамжуулаад хүсэлтээ гаргаж болно. Хүсэлтүүдээ сараар биш жилээр яаж гаргадаг болох вэ гэдгийг судалж байна” гэлээ.