БНСУ-ын “Doosan Engineering & Construction” компани Монголд ажиллах хөтөлбөрийнхөө хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй шинэ төслүүдийн талаар ажил хэргийн уулзалт хийлээ.
“Doosan Engineering & Construction” компанийн төлөөлөл “Төрийн орон сууцны корпораци”-д хүрэлцэн ирсэндээ таатай байгаагаа илэрхийлэн, байгууллагынхаа танилцуулга, хэрэгжүүлсэн орон сууцны төслийн дэлгэрэнгүй видео бичлэгийг танилцуулжээ.
Цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Мөн Монгол Улсын орон сууц, шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтад оролцох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал компанийн үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд, Улаанбаатар хот болон орон нутагт хэрэгжиж буй болон шинээр хэрэгжүүлэх төслүүдээ танилцуулав.
Тэрээр Улаанбаатарын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд, орон нутагт хэрэгжих орон сууцны төслүүд, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслүүдийн хүрээнд “Doosan Engineering & Construction” компанитай хамтран ажиллах боломж нээлттэй байгааг онцлон тэмдэглэлээ гэж ТОСК-аас мэдээлэв.