Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа.
Эваристе Коуасси-Комлан нь 2021 оны арваннэгдүгээр сард Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн 2017-2021 онд улс орнуудад хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд дуусан үр дүнгээ дүгнэн, цэгнэж байна. 2022-2027 он хүртэлх ирэх 5 жилийн хугацаанд улс орнуудад хэрэгжүүлэх төслүүдээ төлөвлөж байгаа цаг үед боловсролын салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцож байгаад баяртай байгаагаа уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан илэрхийлээд, хамтран ажиллах хэд хэдэн санал дэвшүүллээ.
Үүнд:
- 0-3 настай хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Боловсролын салбарын цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал болох сургууль, цэцэрлэгүүдийн цахилгаан эрчим хүч, интернетийн холболтыг шийдвэрлэхэд GIGA төсөл дээр хамтарч ажиллах
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон үндэсний цөөнхийн хүүхэд бүрийг тэгш хамран сургах гэсэн гурван чухал асуудалд хамтран ажиллахыг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчөөс хүслээ.
НҮБ-ын Хүүхдийн сан нь өнгөрсөн 5 жилийн хугацаанд Боловсролын салбарт 12 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Эх сурвалж: БШУЯ