Австралид шинэ онд коронавирусийн халдварын тоо 500 000 мянгыг давлаа. COVID-19 эрчтэй тархаж байгаагаас болоод ложистик, худалдааны салбарт хүн хүчний хомсдол нүүрлэжээ. Энэ нь бараа бүтээгдэхүүний төрөл хомсдоход хүргэж, томоохон супермаркетуудад хүнсний бүтээгдэхүүн дуусаж эхэлсэн байна.
Тэр дундаа жимс, ногоо, махны хомсдол ихээр нүүрлэж байна. Худалдан авагчид ундаа, 00-ын цаасгүй болсныг бас мэдээлжээ. Тус улсын худалдааны томоохон сүлжээ болох Woolworths хүнсний бүтээгдэхүүнгүй болсондоо үйлчлүүлэгчдээс уучлалт гуйсан бол Сидней дэх нийлүүлэгчдийн хуваарилалтын төв үйл ажиллагаагаа зогсоожээ.
“Нийлүүлэлтийн сүлжээ алдагдсанаас болоо дэлгүүрүүдэд зарим бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд саатал үүсээд байна” хэмээн компанийн төлөөлөгчид мэдэгджээ.
Уг сүлжээ дэлгүүрийн араас Австралийн худалдааны томоохон сүлжээ Coles Supermarkets уучлалт хүссэн байна. Түүнчлэн тэд халдварын хязгаарлалтаас үүдэлтэй боловсон хүчний хомсдолд орсонд анхаарлаа төвлөрүүлжээ.
“Багийн гишүүдээс коронавирусийн тусгаарлалтад орох хүмүүс өдөр өдрөөр өсөж байна. Зарим нь хөл хорионд орсон байхад зарим нь шинжилгээнийхээ хариуг хүлээж байна” гэж сүлжээний төлөөлөгч ярьсан байна.
Үүн дээр хилийн чанадад байдаг зарим үйлдвэрүүд хаагдаж, тээвэрлэлт, түлшний үнэ нэмэгдсэн нь ч нөлөөлжээ. Худалдан авагчдад хүргэх боломжтой бүтээгдэхүүнийг ачих боломжгүй болсон. Учир нь модны дутагдлаас болоод ачааны тавцан хүртэл дуусчээ. Үүн дээр ажлын байран дээр цар тахлаас болоод ачааны машины жолооч ч хүрэлцээгүй байгаа аж.
“Бид нийлүүлэгчидтэйгээ болон сонирхсон талуудтайгаа нийлүүлэлтийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээн Coles Supermarkets зарлажээ. Aldi зах ч хямралаас зайлсхийж чадсангүй. Дэлхийн 20 улсад 10 мянга гаруй сүлжээтэй Германы уг сүлжээ ажлын байран дээр түргэвчилсэн шинжилгээ авч эхэлжээ.
Австралийн тээвэрлэгчдийн холбооны мэдээлж байгаагаар тээврийн ажилчдын гуравны нэгээс тал хүртэлх хувь нь өдөр бүр алга болж байна. Үүнээс болоод тээвэрлэлтэд саатал учирчээ. Үйлдвэрчний эвлэлийн нарийн бичгийн дарга Майкл Кейн жолооч нарыг гэрийн тусгаарлалтад оруулахгүй байх, оронд нь түргэвчилсэн шинжилгээгээр хангах хүсэлт бүхий захидал Засгийн газартаа илгээжээ.
Австралид коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ лангуун дээр тавигдмагцаа дуусаж байна. Тус улсын тавилга, гэр ахуйн барааны томоохон худалдааны төв Harvey Norman хүртэл түргэвчилсэн тест зарж байгаа ч амархан дуусчээ.
Эх сурвалж: focus.ua