Хятадын баруун хойд хэсэгт орших Цинхай мужид нэгдүгээр сарын 8-ны шөнө 10 км-ийн гүнд 6,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Хятадын интернэт хэрэглэгчид гайхан хэлэлцэж байна. Видео ажиглалтын камераар газар хөдлөлтийн өмнөхөн гэнэт гэрэл гарч, тэнгэр гэрэлтсэн нь харагджээ.
Газар хөдлөлтийн төв байсан газрын ойролцоо хүн ам бага суурьшсан. Харин чичирхийлэл нь ойролцоох том хотуудад мэдрэгдэж, Цинхай-Төвөд, Ланьжоу-Цинхайгийн дагуух төмөр замыг хаахад хүргэжээ. Газар хөдлөлтөөс болоод 9 хүн шархадсан байна. Цинхайд 4000 гаруй байшин барилга гэмтэж, хөрш Ганьсу мужид Жанье хотод 4830 байшин эвдэрчээ. Түүнчлэн тус мужид Хятадын цагаан хэрэм 2 метр нурсан байна. Энэ бүсийн барилгуудын ханын плита, цонх, шил хагарч, дээвэр нурсан зэрэг нь гэрэл зургуудаас харагдаж байлаа.
Газар хөдлөлтийн дараа дагалдах хэд хэдэн газар хөдөлсөн. Тухайлбал 5 магнитудаас доош хүчтэй газар бүтэн цагийн турш мэдрэгджээ. Хятадын Газар хөдлөлттэй тэмцэх газрын мэдээлснээр, газар хөдлөлт нэгдүгээр сарын 9-нийг хүртэл үргэлжилсэн гэнэ.
Цинхайд болсон энэ газар хөдлөлтийн өмнө тэнгэр гэнэт гэрэлтсэнийг Weibo сүлжээгээр нэлээд шуугин ярьж байна. Зарим хүмүүс “газар хөдлөлтийн гал” хэмээх хүн бүрийн мэддэггүй үзэгдлийг бичиж байлаа. “Газар хөдлөлтийн гал” хэмээх эрдэмтдийн хувьд маргаантай энэ үзэгдэл 2009 онд Италийн Аквилд болсон газар хөдлөлтийн өмнө ч мэдрэгдэж байсан гэнэ.
Энэ үзэгдлийг тайлбарлахдаа хүчтэй ачааллын үед уулын чулуулагт хүчилтөрөгч ионжиж, тэрхүү ионжсон цацраг идэвхт хий агаар мандалд цацагддаг гэжээ. Түүнчлэн газар хөдлөх үед газар доороос радоны хий алдагдсанаас болж дэлбэрэлт үүсдэг байж болзошгүй гэж үзэж байна. Зарим нь харь гараг, шашны үзэгдэлтэй холбон тайлбарлаж байлаа.