Иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас болж ой хээрийн түймэр аюулын хэмжээнд хүрээд буй. Цагдаагийн байгууллага энэ сарын 16-нд гал түймэр, зөрчилтэй холбоотой 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 71 түймэрт эзэн холбогдогчийг тогтоон, 30.1 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нь нөхөн төлүүлсэн байна.
Энэ төрлийн дөрвөн хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэсэн бол 68 зөрчилд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, прокурорт шилжүүлжээ. Он гарсаар эхний хагас жилийн байдлаар гал түймэртэй холбоотой хэрэг зөрчил нь машины оч баригч, машин доор өвс хуримтлагдаж халснаас гурав , татсан тамхиа бүрэн унтраагаагүй цогтой хаяснаас долоо, аянга цахилгаанаас 18, ил задгай үнс нурам асгаснаас тав, гэрийн яндангаас үсэрсэн очноос гурав, хог шатааснаас гурав, гэр орондоо галын аюулгүй байдал хангаагүйгээс 2, галт зэвсэг хэрэглэсний улмаас нэг, ил задгай гал түлснээс болж найман түймэр гарсан болох нь тогтоогдсон байна.