Өнгөрсөн жил “Covid-19”-ийн тусламж, үйлчилгээний хүрээнд Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар Өрхийн эрүүл мэндийн төвөөс гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд 160 мянган төгрөгний эмчилгээний багц өгч байсан. Тэгвэл он гарсаар энэхүү багц олголт зогссон байна.
Цаашид энэ тусламжийн багцыг зогсоож, зөвхөн эмч ажилчдын хамгаалах хэрэгсэлд гаргах санхүүжилтийг олгож магадгүй гэх албан бус мэдээлэл байна.
Тухайн 160 мянган төгрөгийн багцад хоёр удаагийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө, хамгаалах хувцас, хэрэглэл, 10 хоногийн турш өдөр хоёр удаа утсаар ярих төлбөр, 24 ширхэг Витамин С, D, өвчин намдаах, халуун бууруулах эм норов-7, мана-4 болоод эмч, сувилагч, жолооч нарын нийлбэр цалингийн урамшуулал зэргээр төсвийг тусгаж багтааж байсан. Харин энэ жилээс тус багцыг зогсоож шаардлагатай хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд төсөв зарцуулахаар судалж байна гэх тайлбарыг өгсөн байна.
Иргэд шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд өөрөө эмийн сангаас түргэвчилсэн оношлуур авч, өрх дээрээ ирж шинжилгээ өгөх боломжтой аж. Харин өрхийн эмнэлэг дээр олгож байсан өдрийн 5-10 тестийг ч өгөхөө больжээ.