Казахстан: Бойконур Олон улсын сансрын буудлын хамгаалалтыг чангатгаж, нэмэлт хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад зориулж мөнгө хуваарилна хэмээн хотын дарга Константин Бусыгин мэдэгджээ. Тэрбээр хотод дор хаяж хоёр долоо хоног хоол хүнс байгаа. Хүнсний бүтээгдэхүүний тасалдал гарахгүй. Хотын хэмжээнд цахилгаан тасрахгүй хэмээжээ.
Байконурт террорист заналхийллийн түвшин нэмэгдсэн талаар Константин Бусыгин өмнө нь мэдээлж байсан бөгөөд хотод коронавирусын халдвар тархах аюулын улмаас гурваас дээш хүнтэй бүлэг болон нэгдэхийг хориглоод байсан юм байна. Мөн хотод хөл хорио тогтоож, архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглож эхэлсэн байна.
Энэ өдрүүдэд хотын хэмжээнд ардын харуулууд байгуулагдаж, хууль хяналтынхантай хамтран нутаг дэвсгэрт эргүүл хийх юм байна. Тус хотын “BaikonurInfo” телевизийн нийтэлсэн бичлэгт хуягт машинууд нутаг дэвсгэрт эргүүл хийж байгааг харуулжээ. Мөн хотын захиргаа ОХУ руу хэд хэдэн чартер нислэг зохион байгуулж, шаардлагатай хүн бүр Байконураас гарах боломжтой талаар мэдэгдсэн байна.
Хотын захиргааны хэвлэлийн алба Интерфакс агентлагт тайлбарласнаар нислэгийн зохион байгуулалт нь тус улсын нөхцөл байдал хурцадсантай холбоогүй бөгөөд чартер нислэг нь жагсаал эхлэхээс өмнө хотыг орхин гарахаар төлөвлөж байсан хүмүүс, ялангуяа курсантууд болон их сургуулийн оюутнууд, амралтаараа ирсэн хүмүүст хамааралтай аж.
ОХУ 2050 он хүртэл Казахстаны Байконур дахь сансрын буудлыг түрээслэж байгаа юм. Байконур хотод тээвэрлэгч пуужин хөөргөх есөн төрлийн 15 хөөргөх цогцолбор, тив хоорондын баллистик пуужин турших 4 хөөргөгч, 11 угсралт, туршилтын барилгын цогцолборууд байрладаг. Байконурт Оросын засаг захиргаа байрладаг бөгөөд Казахстан улс мөн тус хотод өөрийн яам, агентлагуудын төлөөлөгчийн газраа байруулдаг юм.
ОХУ 2011 оноос Алс Дорнодод “Восточный” нэртэй сансрын буудал барих ажлыг эхлүүлж, бүтээн байгуулалт үргэлжилж байгаа аж.