Туркмений удирдагч Гурбангулы Бердымухамедов Каракумын элсэн цөл дэх “Тамын хаалга” хэмээх байгалийн хийн тогоог унтраах арга зохион бүтээхийг тушаасан талаар Туркменистаны телевиз мэдээлэв.
Ерөнхийлөгч Бердымухамедов видео форматаар болсон Засгийн газрын хуралдааны үеэр энэ үүргийг Газрын тос, байгалийн хийн цогцолбор хариуцсан Шадар сайд Шахым Абрахмановт өгсөн байна.
Дарваза мужид байгалийн хий олон жилийн турш шатаж байгаа нь байгаль орчин, нутгийн иргэдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байгааг Бердымухамедов тэмдэглэн хэлжээ. Мөн тэрбээр тус улс гадаадад зарж болох үнэт түүхий эд, иргэдийн аж байдлыг нэмэгдүүлэхэд зарцуулагдах мөнгөө алдаж байна. Хийн тогооны асуудлыг шийдвэрлэхийн тулд шинжлэх ухааны хэлэлцүүлэг зохион байгуулж, шаардлагатай бол гадаадын мэргэжилтнүүдийг татан оролцуул хэмээн мэдэгджээ.
“Тамын хаалга” хэмээх энэ газар нь Ашхабадаас хойд зүгт 266 км-ийн зайд Дарваза тосгоны ойролцоо орших Каракумын цөлд байрладаг, 60 орчим метр диаметртэй, 20 метрийн гүнтэй хотгор юм. Энэ тогоо хүний гараар бүтээгдсэн боловч бараг хагас зуун жилийн дараа байгалийн дурсгалт газар гэж ойлгогдож ирсэн.
1971 онд эндээс газарт байгалийн хий хайж худаг гаргаж байх үед нуралт гарсан бөгөөд геологчдын хэдхэн хоногийн дараа бүрэн шатна хэмээн тооцсон нүхнээс 50 жил гал ассаар байгаа юм. Тухайн үед геологичид хорт хийг гадагшлахаас сэргийлэхийн тулд асгарсан байгалийн хийг шатаасан байна. Түүнээс хойш энэхүү том нүхэн хотгор галын дөл огт унтраагүй тул “Тамын хаалга” гэж нэрлэжээ.
Эх сурвалж: RIA