Британийн Mining Technology хэвлэл уул уурхайн салбарт сүүлийн 25 жилийн хугацаанд гарсан ямар үйл явдал хамгийн ихээр дуулиан тарьсныг жагсаажээ. Ингээд сэтгүүлчдийн бодлоор хамгийн аймшигтай дөрвөн түүхийг нийтэлсэн аж. Ордын нөөцийн хэмжээг хэдэн арав дахин их гэж зарласан геологичдын луйвраас эхлээд түүхий эдийн нөөцийн тусгай зөвшөөрлийн төлөөх авлигын асуудал хүртэл энд багтсан байна. Үүн дээр «Форпост» дуугүй өнгөрвөл зүй зохисгүй 3 түүхийг нэмжээ.
Хуурамч алтны судал Bre-X
Канадын бизнесмэн Дэвид Уолш 1989 онд Bre-X нэртэй уул уурхайн компани байгуулжээ. Тун удалгүй уг компани нь дуулианы бай болж, сүүлд нь найруулагч Стивен Гаан “Алт” хэмээх кино хийж, гол дүрд нь Мэтью Макконахи тоглосон юм. 1993 онд компани геологич Жон Фельдехофын зөвлөмжөөр Индонезийн Борнео арал дээрх Бусанг голын ойролцоо газар худалдан авч, ордын нөөц 8 сая орчим унци металл гэж зарламагцаа жилийн турш алт олборлосон аж.
1997 он гэхэд Bre-X компанийн хувьцааны ханш ширхэг нь $ 209 болон өссөнөөр хөрөнгийн хэмжээ нь $4,4 тэрбум болтол нэмэгдэхэд нөлөөлжээ (Одоогийн ханшаар бол ($6,9 тэрбум). Мэдээж Канадын Barrick Gold зэрэг алт олборлолтын салбарын тэргүүлэгч, том тоглогчид компанийг сонирхохгүй хаачих билээ. Индонезийн газар доорх баялагт хөрөнгө оруулалт хийхийг JP Morgan-ы шинжээчид хүртэл зөвлөж, батлагдаагүй алтны нөөц нь 200 сая унци гэж хүртэл мэдээлж байлаа.
Үнэн хэрэгтээ бүх зүйл Уолл Стрит дэх өргөн оффисуудаас харж байснаас тэс өөр байлаа. Нөөцийн мэдээллийг төслийн менежер, геологич Майкл де Гузман зохиосон болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр эхлээд Фельдерхоф, дараа нь Уолш нарт уурхайн боломжийн талаар итгүүлж үнэмшүүүлсэн байна. Мэдээж итгэл үнэмшилтэй болгохын тулд тэрбээр анхны танилцуулгын үеэр олборлосон хүдрээ хуримын бөгжнийхөө алтны үртэстэй хольсон байна. Тэгээд тэр ордууд алтаар баялаг юм шиг сэтгэгдэл төрүүлж чаджээ. Дараа нь 1994-1997 оны хооронд де Гузман уурхай дууссаны дараа эзэд болон хөрөнгө оруулагчдыг хууран мэхлэхийн тулд орон нутгийн уурхайчдад 61,000 орчим доллар төлжээ.
Гэвч Америкийн уул уурхайн Freeport McMoRan компани ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдан авч, “баймгүй их баялаг”-ийн ямар ч ул мөр олж чадаагүйг зарласнаар луйвар илчлэгдэх нь тэр. Луйврын талаар өмнө нь юу ч мэдээгүй гэх Уолш мөрдлөг шалгалтад идэвхийлэн тусалсаар 1998 онд судасны цүлхэн өвчнөөр өөд болсон аж. Фельдерхофыг 2007 онд гэм буруугүй гэж зарласан бол хэргийн эзэн Гусманы хувь заяа хэрхсэн эсэх нь одоо болтол тодорхойгүй байгаа юм.
Түүнийг 1997 онд нисдэг тэрэгнээс үсэрч амиа егүүтгэсэн гэж албан ёсоор мэдээлдэг боловч түүний цогцсыг танихад нэлээд хүндрэл үүссэн юм. Ширэнгэн ойгоос олдсон түүний цогцсонд нүүр царай, гар, хөл нь байхгүй байснаас үзэхэд зэрлэг амьтад идсэн байх гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс олдсон тэрхүү цогцсыг алтны олборлолтын түүхэн дэх хамгийн том луйврыг зохиосон хүнийх гэж хэлэхэд хэцүү. Түүнийг өөрийгөө үхсэн болгон зугтаж гарсан байх гэсэн таамаглал үнэний ортой байх магадлалтай байдаг аж.
Glencore компанийн Цезарь төсөл
Guardian-ы Кристофер Кнаус уул уурхайн аварга Glencore компанийг нийгмийн сүлжээгээр дамжуулан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг буруутгах, нүүрс сурталчлах ажиллагаа явуулдаг болохыг илчилжээ. Сэтгүүлчийн баталснаар, уг корпораци 2017 оны хоёрдугаар сараас 2019 оны эхэн үе хүртэл 7 сая орчим фунт стерлингийг Австралийн C|T Group-т төлсөн байна. Энэ групп нь pr кампанит ажлаар мэргэшсэн бөгөөд өмнө нь Их Британийн консерватив нам, Австралийн Либерал намтай хамтран ажилладаг байжээ.
Энэ төслийн хүрээнд Energy in Australia зэрэг 20 000 гаруй дагагчтай Facebook-ийн группүүдэд пост оруулж, сэргээгдэх эрчим хүчнийг гүтгэдэг байжээ. Үүнээс гадна C|T нь “Гринпис” зэрэг сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэхийг идэвхийлэн дэмждэг сөрөг хүчний бүлэг, хөдөлгөөний тухай мэдээлэл цуглуулдаг байжээ. Ингэснээр тэднийг хэн санхүүжүүлдэг, нийгэмд ямар дэмжлэгтэй болохыг олж тогтоох зорилготой байв.
Хэдийгээр Glencore ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн асуудалд буруутгагдаагүй ч Австралийн Ерөнхий сайд асан Кевин Радд энэ явдлыг “үндэсний хэмжээний гутамшиг” гэсэн байна. Харин Кристофер Кнаусын санаачилгыг Британийн Influence Map судалгааны төвийн мэргэжилтнүүд шүүрэн авч, эрчим хүчний 5 том холдингийг сүүлийн 3 жилийн хугацаанд дэлхийн дулааралтай тэмцэхийн эсрэг кампанит ажлуудыг санхүүжүүлэхэд тэрбум гаруй доллар зарцуулсан гэж буруутгажээ. Баримтаас үэхэд BP, Shell, ExxonMobil, Chevron болон Total компаниудыг сэргээгдэх эрчим хүчийг нийгмийн сүлжээгээр буруугаар сурталчилсан гэжээ.
Бразилд далан задарсан нь
2019 оны нэгдүгээр сарын 25-нд Бразилийн Минас-Жейрас мужид Vale корпорацийн далан задарсан томоохон осол гарчээ. Үйлдвэрийн хаягдалтай бохир лаг шавар төмрийн хүдрийн уурхайтай зэрэгцэн оршдог захиргааны нутаг дэвсгэрийг хамарч, үдийн цайндаа орж байсан хэдэн зуун ажилчин, дээр нь ойролцоох сууринг бүрхжээ. Гэтэл ослын дохиоллын систем нь огт ажиллаагүй юм.
Гуравдугаар сарын 25-ны байдлаар осол болсон газраас 212 хүний цогцос олдсон байна. Сураггүй алга болсон хүмүүсийн тоо 93-т хүрчээ. Үүнээс гадна хортой хаягдал Сан-Франциског дайран өнгөрдөг, хуурайшилт ихтэй, ядуу буурай бүсүүдийн ундны усны гол эх үүсвэр болсон Параопеба голыг хордуулжээ. Ослын шалтгааныг судлах ажиллагаа үргэлжилж байна. Ажилчдын үзсэнээр ус их хэмжээгээр хуримтлагдаж, далангийн ус зайлуулах системд эвдрэл гарснаас болж осол гарсан байж болзошгүй гэнэ.
Далан задарсан асуудалд 13 хүнийг сэжиглэн саатуулсан. Үүнд уул уурхайн Vale компанийн 11 удирдлага, Германы Tüv Süd-ын хоёр инженер багтжээ. Бразил улс орон сууцны өөдөөс далан барихыг хориглосон мэдэгдэл гаргажээ. Мөн гурван жилийн хугацаанд даланг солих төлөвлөгөөгөө уул уурхайн компаниудад өгчээ.
Rio Tinto-гийн Мозамбикт тохиолдсон адал явдал
2011 онд дэлхийн уул уурхайн үндэстэн дамнасан томоохон корпорацийн нэг Rio Tinto холдинг Австралийн Riversdale Mining компанийн хяналтын багц хувьцааг $3,7 тэрбумаар худалдан авчээ. Уг компани нь Африкт нүүрсний олборлолтоор мэргэшсэн бөгөөд гол хөрөнгө нь Мозамбикийн баруун хойд хэсэгт орших Benga уурхай байв. Энэ ордын нөөц нь 1,9 тэрбум тонн гэхээр дэлхийн хамгийн том ордын нэгд тооцогдоно.
2012 оны зургаадугаар сарын 25-нд эхний 34 мянган тонн түүхий эдийг Бейра боомтод ачиж, тэндээс Энэтхэгийн металлургийн комбинат руу явуулжээ.
«Энэ бол Мозамбикт манай нүүрсний нөөцийг хөгжүүлэх чухал үе. Энэ бол дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний жинтэй нийлүүлэгч болох бидний эхний алхам» хэмээн тухайн үед Rio Tinto-гийн стратегийн хэлтсийн тэргүүн, Мозамбикийн хувьцааг худалдан авах ажлыг санаачилсан Дуг Ритчи мэдэгдэж байлаа.
Гэвч төсөл анхнаасаа бүтэлгүйтэж эхэлсэн юм. Нэгдүгээр, Африкийн энэ улсын Засгийн газар далай руу нүүрс тээвэрлэхдээ Замбези голыг ашиглахыг “гэнэт” л хоригложээ. Уурхайн эзэд үүнтэй холбоотойгоор төмөр замын хөгжөөгүй сүлжээг ашиглахаас өөр аргагүй болж, төмөр зам нь ч “хар алт”-ыг шаардлагатай хэмжээгээр тээвэрлэж чадаагүй аж.
Хоёрдугаарт, нүүрсний үнэ 2011 онд тонн тутам нь $130 байсан оргилоосоо огцом буурч, 2013 онд $90 болсон нь олборлолтыг ашиггүй болжээ. Энэ үед Rio Tinto-гийн боссууд топ менежерүүд нь өөрсдийг нь хуурсан гэдэгт итгэж, компанид 20 орчим жил ажилласан ерөнхий захирал Том Албанезе, Мозамбикийн ажиллагааг амжилтгүй болгосон Дуг Ритчи нарыг халжээ.
Эцэст нь уурхайг ердөө л $50 саяар Энэтхэгийн засгийн газарт зарж, холдинг 3 тэрбум гаруй долларын алдагдал хүлээжээ.
« Рио Тинтогийн Удирдлагын зөвлөл Мозамбикаас саяхан хийсэн худалдан авалтыг ийм хэмжээний алдагдал хүлээсэн гэдгийг бүрэн зөвшөөрч байна», – хэмээн захирлуудын зөвлөлийн дарга Жан дю Плесси мэдэгджээ.
АНУ-ын үнэт цаас, биржийн комисс (SEC) 2017 онд Том Албанезе болон санхүү эрхэлсэн захирал Гай Эллиот нарыг луйврын ажиллагаанд оролцсон гэж буруутгасан юм. Тэд төслийг үр дүн сөрөг гарахыг мэдэж байсан ч хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах зорилгоор хэт их ашиг амласан хэвээр байсан гэж SEC баталжээ.
Гвиней дэх BSGR-ийн хээл хахууль
2019 оны хоёрдугаар сард Израилын уул уурхайн BSG Resources компани болон түүнийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Бени Штейнмец төмрийн хүдрийн Simandou ордын эрхийн асуудлаар Гвинейн Засгийн газартай 5 жилийн маргаанаа дуусгажээ. Хөрөнгө оруулагч тусгай зөвшөөрлийг хууль бусаар авснаа хүлээн зөвшөөрч, төсөлд оролцохоос татгалзахаар болсон аж.
BSGR $165 саяын өртөгтэй геологи хайгуулын судалгаа явуулсныхаа дараа 2012 онд олборлох зөвшөөрөл авсан. Гэвч Гвинейн Засгийн газраас байгуулсан тусгай хороо тус компанийг эхлээд зуучлагчдаар дамжуулан Гвинейн дарангуйлагч асан Лансана Контегийн эхнэр Мамади Турад £8 саяын хахууль өгсөн болохыг олж тогтоожээ. Лансана Конте 2008 онд нас барах хүртэл тус улсыг удирдаж байсан юм.
Бени Штайнмец энэ асудлаас болоод саатуулагдаж, удалгүй гэрийн хорионд орсон. Үүнээс гадна тэрбээр $26 саяын батлан даалтад гарчээ. Израилын цагдаагийн газар авлигын хэргийг Америк, Швейцар, Гвинейн засаг захиргаатай хамтран шалгаж байна гэж байлаа. Эцэст нь энхийн хэлэлцээр хийж, энэ дагуу Африкийн орны удирдлагууд BSG Resources-т гаргасан гомдлоо татаж, компанийг үүсгэн байгуулагчид үүссэн асуудалд ард хоцорчээ.
Хэдийгээр ийм дуулиан дэгдсэн боловч Бени Штайнмец Гвинейд бизнес эрхлэхээ зогсоолгүй, Zogota хэмээх төмрийн хүдрийн арай бага ордын боловсруулалтад хөрөнгө оруулагчид хайж эхэлсэн юм.
Хүмүүс металлын төлөө үхэв
2019 оны хоёрдугаар сарын 26-нд Сулавеси арлын хойд хэсэгт хөрсний гулгаа үүссэний улмаас хууль бус алтны уурхайд тулгуур, хавтан нь нуржээ. Гуравдугаар сарын 7-нд аврах ажиллагаа дуусахад амиа алдсан хүний тоо 27-гоор тоологдож байв. Нурангин дор үлдсэн хүмүүсийн нарийн тоо гараагүй ч амьд гарч чадсан 18 уурхайчин газар доор 100-гаад уурхайчин байж магадгүй гэжээ.
«Дахин шинээр гулгаа үүсэх эрсдэлтэй байгаа тул бид хүнд техник ашиглаж болохгүй байна. Тиймээс осолд өртсөн хүмүүсийн эрэн хайх ажиллагаагаа зогсоолоо», – гэж нутгийн гамшгийн хор уршгийг арилгах агентлагийн төлөөлөгч Абдул Муин Папутунган мэдэгджээ.
Ашигт малтмал хууль бусаар олборлох нь Ази, Африкийн олон бүсэд энгийн үзэгдэл болсонд шинжээчид түгшиж байна. Дэлхий даяар 40 сая гаруй хүн хууль бусаар алт олборлодог байна. Тэд ямар ч үед нурангинд дарагдах аюултай. Учир нь ийм уурхайд ажиллаж буй хүмүүсийн амь нас, аюулгүй байдлыг хэн ч хариуцдаггүй.
Эх сурвалж: Mining-technology