Д.ЖАРГАЛАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Алсын хараа-50” хөгжлийн бодлогын баримт бичигт Үндэсний аудитын газар бараг муу дүн өгчээ. Үндэсний аудитын газар албан ёсны цахим хуудастаа “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилт” сэдэвт гүйцэтгэлийн аудитын тайланг нийтэлсэн бөгөөд тайландаа:
Алсын хараа-50 хөгжлийн баримт бичигт зорилго, зорилтын шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг бүрэн тодорхойлоогүй, үнэлэх боломж бүрдээгүй” түүгээр ч зогсохгүй “хөрөнгийн эх үүсвэрийг батлаагүй, үр дүнг үнэлэх, үр нөлөөг тооцох боломжгүй болох эрсдэлтэй” байгааг тодорхой дурджээ.
Тус баримт бичиг нь суурь 9 зорилго, 50 зорилттой Монгол Улсын ирээдүйн 30 жилийн хөгжлийн төлөвлөгөө багтсан хэмээн хоёр жил рекламдуулж байгаа. Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа боловсруулж “Энэ бол эрүүл, боловролтой, чадварлаг иргэн бол улс орны хөгжлийн гол тулгуур. Тиймээс ч Монгол Улсын хөгжлийн бодлогын цөм нь “Монгол хүн” байх ёстой. Энэ агуулгаа баримт бичигт оруулсан талаараа мэдэгдэж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байсан юм.
Гэвч Л.Оюун-Эрдэнээр 2 жил овоглогдож, Засгийн газрынх нь сайд нарын амны уншлага мэт болж яваа баримтыг Үндэсний аудитын газар жинлэж үзээд зарим зүйл нь биелэх боломжгүй, хийсвэр байгааг ил болгон зарлаад байна. Тус тайлангаас тоймлон хүргэвэл:
“Алсын Хараа-2050”-ын зарим зорилтын шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнг боловсруулж батлаагүй нь зорилтын хэрэгжилт, үр дүнг үнэлэх нөхцөлийг бүрдүүлээгүй байна
-“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030″-ын зорилтын 47.3 хувь нь хүрэх үр дүн тодорхойгүй байсан бол, “Алсын хараа 2050”-ын зарим зорилго, зорилтын шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг бүрэн тодорхойлоогүй, үнэлэх боломж бүрдээгүй байна.
-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэргэжлийн институтийн бүтэц, зохион байгуулалт тогтворгүй, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдээгүй, босоо болон хэвтээ тогтолцооны уялдаа сул, нэгдсэн тогтолцоо төлөвшөөгүй байна.
-“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн зарим зорилт шалгуур үзүүлэлтгүй, тодорхой, хэмжиж болохуйц, хүрч болохуйц, хэрэгжихүйц, бодитой байх шинжийг хангаагүй нь зорилт хэрэгжихгүй байх, үр дүнг үнэлэх, үр нөлөөг тооцох боломжгүй болох эрсдэлтэй байна.
-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн бүртгэл хөтлөх, улсын хэмжээний мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, ангилах, шинэчлэх, хянах, удирдлага зохион байгуулалт хангалтгүйгээс хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн нэгдсэн сан бүрдээгүй, системийг хөгжүүлж, шинэчлэх ажил удаашралтай, үр нөлөө хангалтгүй байна
-Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгын 244 шалгуур үзүүлэлтэд суурилсан “Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт” батлагдаагүй байгаа нь Монгол Улс дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгыг 2030 онд үнэлүүлэхэд бэлэн бус байна.
-“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030″ бодлогын баримт бичгийн 44 зорилтын I үе (2016-2020) шатны 127 хүрэх түвшингээс 10.2 хувь нь үр дүн хангагдсан, 42.5 хувь нь үр дүн хангагдаагүй, 47.3 хувь хүрэх үр дүн тодорхойгүй байгаа нь бодлогын хэрэгжилт, ахиц дэвшлийг тодорхойлж, үр нөлөөг үнэлэх боломжгүй байна.
-Засгийн газар “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030″-ын I үе шат (2016-2020)-ны зорилтын үр дүн, үр ашиг, санхүүжилтийг нэгтгэж тайлагнаагүй, зорилтын үр нөлөөг үнэлэхгүйгээр “Алсын хараа 2050”-ыг хэрэгжүүлж эхэлсэн байна.
-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтворгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1.7-д “…Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна…” гэж заасантай нийцэхгүй байна.
1 comment
Дорж мэтийн амьдрал мэдэхгүй хүмүүс бичсэн Алмын хараа яаж биелэгдэх юм бэ? Үйлдвэр мэддэг инженерүүд байхгүй болсон байгаа хэдийг нь бүртгэл байхгүй Ийм хөтөлбөр ШУАтай хамт устга Ойлгохгүй байна уу