Америкийн Калифорни мужид Theranos корпорацийн үүсгэн байгуулагч Элизабет Холмс луйврын хэргээр 4 заалтаар буруутгагджээ. Найман эрэгтэй, дөрвөн эмэгтэй хүнтэй тангарагтны шүүхийн бүрэлдэхүүн түүнд холбогдох хэргийг гурван сар хэлэлцэж, 32 гэрчээс байцаалт авсны эцэст арванхоёрдугаар сарын дундуур шүүхэд шилжүүлсэн байна.

Тангарагтнууд Холмсыг цахим хэрэгсэл ашиглан луйвар хийхээр үгсэн хуйвалдсан асуудлаар нэг заалт, тодорхой хөрөнгө оруулагчийг луйвардсан асуудлаар гурван заалтаар буруутай гэж үзсэн аж.

Калифорний Хойд тойргийн шүүхийн шүүгч Эдуард Давила шүүгдэгчид ял оноох юм байна. Элизабет Холмс 20 жилийн хорих ял сонсох магадлалтай байна.

Холмс томоохон хөрөнгө оруулагчид, тэр дундаа АНУ-ын Боловсролын сайд асан Бетси ДеВос, хэвлэлийн магнат Руперт Мердок, Walmart-ыг үүсгэн байгуулагч Уолтоны гэр бүлээс 945 сая ам.доллар авсан аж.

Theranos ид алдарших үеэрээ 9 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан юм.

Холмсыг нийтдээ 11 асуудлаар буруутгаснаас 4-т нь буруугүй гэж үзсэн байна. 37 настай энэ бүсгүй дараах луйврыг хийсэн гэдгээ хүлээжээ.

  • Сан-Францискогийн эрүүл мэндийн PFM Healthcare Master Fund хеж сангаас 38 сая гаруй ам.доллар хулгайлсан;
  • ДеВосын гэр бүлтэй холбоотой Lakeshore Capital Management сангаас 100 сая ам.доллар луйвардсан;
  • Үл хөдлөх хөрөнгийн итгэмжлэгч асан Дэниель Мослитой холбоотой Mosley Family Holdings ХХК-иас 6 сая орчим ам.доллар авсан.

Тангарагтнууд шийдвэрээ танилцуулах үед Холмс нүүрний ямар ч хувирал гаргаагүй зогсож байжээ. Харин тогтоолыг танилцуулсны дараа төрөл төрөгсөдтэйгөө тэврэлдсэн байна.

Бизнес хатагтай Элизабет Холмс өнгөрсөн оны есдүгээр сард шүүхэд дуудагдсан юм. Тэрбээр хуруунаас ганц дусал цус аваад л өвчнийг оношлох чадвартай багаж хэрэгсэл хүн төрөлхтөнд бүтээж өгөхөө амлаж байжээ. Түүний компани мөнгө цуглуулж эхэлмэгц луйврын ажиллагаагаа эхлүүлж, супермаркет, эмийн сангуудын сүлжээгээр өөрийнх нь бүтээлийг Америкийн арми хүртэл ашиглаж байгаа гэжээ.

Сүүлд нь The Wall Street Journal-ын сэтгүүлч энэ асуудлыг ил болгосон. Ингэхдээ компанийн ажилтнуудыг олон жилийн турш судалгааны үр дүнгээ хуурамчаар үйлдэхийг шаардаж, айлгаж сүрдүүлдэг байсан гэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн