Америк тивд анх удаа, бүр тодруулбал Бразилд “Флурона” өвчний анхны дөрвөн тохиолдол бүртгэгдсэнийг Folha de Sao Paulo мэдээллээ.
Рио-де-Жанейрод 16 настай нэг хүүхэд томуу, коронавирусийн шинжилгээгээр хоёуланд нь эерэг гарснаас гадна Сеара мужийн нийслэл Форталезад ой хүрсэн хоёр хүүхдээс “Флурона” илэрчээ. Ойтой хүүхдүүд эмнэлгээс гарсан аж. Түүнчлэн 52 настай нэг эрэгтэй эмнэлэгт хэвтэлгүйгээр эмчлүүлсэн байна.
Мужийн эрүүл мэндийн байгууллага Форталезагийн гурван өвчтөн коронавирусийн аль омгоор өвчилснийг мэдэхгүй гэсэн аж. Гэхдээ тэднээс бүгдээс нь томуугийн H3N2 хувилбар батлагджээ.
Бразилд COVID-19 цар тахлаас гадна томуугийн давалгаа ажиглагдаж байна. Бразилын ерөнхий халдвар судлаач Леонардо Вайсманн давхар халдварын түвшин хэр ноцтойг тодорхойлох боломжгүй гэж тэмдэглэжээ.
Дэлхийд “Флурона”-гийн анхны тохиолдол саяхан Израилд гарсан. Томуу, коронавирусийн давхар халдварын тохиолдол мөн Каталонд гарсан гэжээ. Испанийн шинжээчид давхар халдвартай өвчтөнүүдэд зөвхөн COVID-19-ийн халдвараар өвчилсөн хүмүүсээс илүү ноцтой өвддөг гэх тохиолдол байхгүй гэж тэмдэглэжээ.