Нэгдүгээр сарын 3-ны шинэ сар : Сар нь наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй байх ба Улаанбаатарын цагаар минутад эклиптикийн хавтгай дээрх проекцууд нь нэг шулуун дээр буюу нар, дэлхийн голд сар байрлах юм. Энэ үеэр сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик , тэнгэрийн заадас, солир зэргийг ажиглахад маш тохиромжтой юм.
Нэгдүгээр сарын 3,4 : Квадрантид (010 GUA) солирын урсгалын оргил үед дунджаар 40 хүртэлх тооны солир харвадаг. Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт ажиглагддаг үзэгдэл бөгөөд манай орны газар нутгаас маш сайн харагдана гэсэн үг юм. Энэ солирын урсгал нь анх 2003 онд нээсэн, 2003 EH1 гэсэн мөхөж буй сүүлт одны тоосонцроос тогтдог байна. Жил бүрийн нэгдүгээр сарын 1-5 хооронд болдог ба 2022 оны хувьд 3-4-нд шилжих шөнө оргил үе нь тохиох юм. Энэ үеэр шинэ сар тохиож сарны гэрэлгүй байх учраас шөнө дунд ажиглахад нэн тохиромжтой. Их баавгай, Луу, Тариачин гэсэн гурван одны ордны голоос солир цацрах үзэгпэл болно.
Нэгдүгээр сарын 7: Буд гарагийн зүүн элоганц. Буд гараг нь нарнаас хамгийн их 19.2 градусын зүүн холдох өнцгөөр харагдана. Энэ үед Буд гараг маш сайн ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боложмтой. Ажиглахад хамгийн тохиромжтой үе нь оройн тэнгэрт баруун зүгт хэвтээ хавтгай буюу тэнгэрийн хаяанаас дээш нарнаас хамгийн их холдож харагдах болно. Өөрөөр хэлбэл нар жаргасны дараахан тэнгэрийн баруун хаяанд бага градусын өндөрт ажиглагдана.
Нэгдүгээр сарын 18 : Тэргэл сар. Сар нь нартай эсрэг тохиож сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Оргил үе нь Улаанбаатарын цагаар 7 цаг 48 минут юм. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо, уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.
Эх сурвалж : Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи