Мьянмарын жүжигчин, дуучин, модель, 25 настай Паинг Такхон TC Candler-ээс жил бүр гаргадаг “Хамгийн царайлаг 100 хүн” хэмээх рейтингт хамгийн царайлаг залуугаар нэрлэгджээ. Тэрбээр 45 улсын 130 мянган алдартнаас тэргүүлсэн байна.
Гэвч Паинг энэ амжилтаа бүрэн утгаар нь тэмдэглэж чадахгүй. ВВС-ийн мэдээллээр, Такхон өнгөрөгч дөрөвдүгээр сард ачааны 8 машинтайгаар 05:00 цагийн үед ирсэн 50 цэрэгт баригдаж, шоронд хоригдож байгаа гэнэ. Түүнийг цэргийн эргэлтийг эсэргүүцсэн олон нийтийн арга хэмжээнд оролцсоных нь төлөө 3 жилийн хорих ял, дээр нь албадан хөдөлмөр эрхлүүлэх ял эдлүүлж байна.
Такхон нийгмийн сүлжээндээ “Бид цэргийн эргэлтийг шийдвэртэйгээр эсэргүүцэж байна. Төрийн зөвлөх До Аунг Сан Су Чи, Ерөнхийлөгч У Вин Мьин, иргэний Засгийн газрын сайд нар, Засгийн газрын сонгогдсон гишүүдийг нэн даруй суллахыг шаардаж байна. Бил 2020 оны сонгуулийн үр дүнд хүндэтгэн үзэж, үндэсний иргэний шинэ Засгийн газраа аль болох хурдан бүрдүүлэх шаардлагатай” хэмээн бичжээ. Алдартны ил тод, шударга байр суурь саатуулагдах шалтгаан нь болжээ.
Мьянмарын цэргүүд бүх нийтийн сонгуулийн дараа өнгөрсөн жилийн хоёрдугаар сард засгийн эрхийг булаан авсан юм. Сонгуульд Аунг Сан Су Чигийн Үндэсний либерал ардчилсан нам ялалт байгуулжээ. Цэргүүд сонгууль будлиантай болсон гэмэгцээ нэг жилийн хугацаатай онц байдлын дэглэм улс орондоо тогтоосон. Олон нийт үүнийг эсэргүүцэхэд цэргүүд цуст яргалал үйлдэж, хэдэн мянган хүн амиа алдаж, олон хүн хоригдож байна.
Такхоныг баривчилсны дараа жүжигчний сая гаруй дагагчтай Instagram хуудас болон Facebook аккаунтыг хаажээ. Түүнчлэн Такхоны гар утсыг хураан авч, шүтэн бишрэгчидтэйгээ холбогдох боломжийг нь үгүй хийсэн байна. Харин фэнүүд нь “Фри Паинг Такхон, Мьянмарын улс төрийн хоригдол” гэсэн хөдөлгөөн байгуулж, түүнийг суллахыг шаардсан аж.
Паинг өдгөө сэтгэл гутралд орж, бие нь сульдаж ядарсныг ойр дотны найз нь ярьжээ. Тэр бүр хөл дээрээ тогтож чадахгүй байгаа ч төрийн эргэлтийн эсрэг жагсаал цуглаанд оролцсондоо огт харамсахгүй байгаа гэнэ.
TC Candler ба The Independent Critics-ээс гаргадаг “Хамгийн царайлаг 100 хүн” рейтингийг 1990 оноос хойш гаргаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд 12 тэрбум гаруй хүн нийгмийн сүлжээгээр үзэж, хэдэн зуун сая хүн YouTube-ээр сонирхжээ. Бусад гоо сайхны рейтингүүдээс ялгаатай нь энэ нь алдартнуудын тэмцээн уралдаан биш бөгөөд улс орон хамаардаггүй юм байна.
Эх сурвалж: focus.ua