Цар тахлын хуулийг дахин хагас жил сунгах болсонтой холбоотойгоор ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан хугацаа мөн зургаан сар дахин үргэлжлэх нөхцөл бүрдсэн. Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах иргэд хүсэлтээ 2022 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр гарган хойшлуулах боломжтой.
Энэ талаар Монголбанкнаас ийнхүү тайлбарлаж байна.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяр “Монголбанкны хувьд цар тахлын энэ хүнд үед ипотекийн зээл олголтыг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн жилээс эхлэн ажиллаж байна.
Ипотекийн зээлийг өнгөрсөн жилийн нийт дүнгээр авч үзвэл нэг их наяд төгрөгийн зээлийг 13,300 орчим зээлдэгчид олгосон. Энэ нь өнгөрсөн найман жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт. Он гарахын өмнө Цар тахлын эсрэг хууль шинэчлэгдэн батлагдсан бөгөөд энэ хүрээнд ипотекийн зээлийг 2022 онд олгоод явна. “10 их наяд”-ын хөтөлбөрт тусгаснаар 2023 он хүртэл жилд 700 тэрбум орчим төгрөгийн зээлийг олгох ёстой. Тэгэхээр өмнөх жилүүдийн адил арилжааны банк болон Монголбанкны эх үүсвэрээр ипотекийн зээлийг сар болгон хэвийн олгоод явахаар бэлтгэл ажлыг хангаж дууссан” гэж хариуллаа.
Орон сууц худалдан авах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинээр зээл авах иргэдэд ипотекийн зээлийг 6 хувийн хүүтэй олгож эхэлсэн билээ.
Түүнчлэн “10 их наяд”-ын хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлд зориулж хоёр их наяд төгрөгийн санхүүжилтийг зориулахаар төлөвлөсөн хэдий ч 2021 онд 976 тэрбумыг /нэг их наяд төгрөгийг/ олгосон.
Тэгэхээр үлдсэн нэг их наяд төгрөгийг 2022, 2023 онд хувааж зарцуулна гэсэн үг.
Мөн Цар тахлын эсрэг хуулийн хүрээнд уг зээлийн төлөлтийг 20 сараар сунгасан хугацаанд 50,000 орчим зээлдэгч хүсэлт гарган ипотекийн төлөлтөө хойшлуулснаар 620 орчим тэрбум төгрөг эргэн төлөгдөхөөс хойшлоод байгаа.
Өөрөөр хэлбэл, одоо цаашид хэдэн төгрөгөөр эх үүсвэр нэмэгдэх нь шинээр ирэх хүсэлтийн хэмжээнээс шалтгаалах юм.