Өвлийн улирал эхэлж, хүйтний эрч чангарах тусам агаарын бохирдол, утааны асуудал нийслэлчүүдийн толгойны өвчин болж ирсэн юм. Гэвч утаа зөвхөн Улаанбаатар хотоор зогсохгүй зарим орон нутагт асуудал тариад эхэлжээ. Үйлдвэрлэл цөөнгүй аймаг, томоохон суурин газрууд утаандаа дарагдаж, хөдөө орон нутаг агаар сайтай гэсэн тодорхойлолтоо хэдийнэ гээж эхэлжээ. Энэ асуудлын дагуу манай сурвалжлах баг шинэ оны эхний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотыг зорилоо.
Энэ бол Монгол улсын томоохон сумдуудын нэг болох Мандал сум. 30 гаруй мянган оршин суугчидтай, идэвхитэй үйл ажиллагаагаа явуулдаг олон томоохон үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудтай сум. Мандал сумыг 7 км орчим зайнаас харахад сүүмийсэн саарал давхарга сумын дээрээс нөмөрсөн мэт харагдах нь нийслэлчүүдэд хэдийнэ танил болсон утаа юм.
Өглөө галалгааны оргил цагаар буюу 7-8 цагийн хооронд энэ утаа улам нэмэгддэг гэж нутгийн иргэд ярьж байв. Мөн иргэдээс нөхцөл байдлыг тодруулахад, сүүлийн үед утаа униар ихсэх болсон. Ялангуяа өглөө ажилдаа явахад агаарын бохирдол улам нэмэгдсэн нь илт мэдэгдэж байгаа. Цэвэр ус, цэнгэг агаартай гэгддэг нутаг ус маань Улаанбаатарын араас орчихвий гэж сэтгэл зовьнож байгаа тухайгаа ч хэлж байв.
Сумын төвийн айлууд Шарын гол, Багануурын гэсэн хоёр төрлийн нүүрсийг түлшиндээ түгээмэл хэрэглэдэг. Ихэнхи үйлдвэрийн том, жижиг уурын зуух болон айл өрхүүд энэ хоёр уурхайн түүхий нүүрсийг түлшиндээ ашигладаг.
Мөн сумын төвийн хамгийн захын айлаас 1 км зайд энэ сумын төвлөрсөн хогийн цэг байрлаж байдаг аж. Дээрх зурган дээр харж байгаачлан Зүүнхараагийнхан энэ газар хогоо бөөгнүүлж, шатаадаг байна. Шатаасан хогноос их хэмжээний өтгөн хар утаа ялгарч байгаа нь айл өрх, албан газрын олон тооны яндангаас гарч байгаа утаатай хоршин агаарын бохирдлыг үүсгэж байдаг аж.
Агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээнүүдийг яаралтай авч, хэрэгжүүлэхгүй бол Монгол Улсын томоохон аж үйлдвэрлэлийн суурин утаан мананд нөмрөгдөж, иргэд нь эрүүл мэндээрээ хохирох аюул тулгараад байна.
Тухайн сумын удирдлагууд, Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн уурын зуухны шүүлтүүрээ цаг тухайд нь сольж байгаа эсэх, хог хаягдлын төвлөрсөн цэгийг сумын төвөөс холдуулах, шатаахаасаа урьтаж дахин боловсруулах тал дээр анхаарах зэрэг маш олон ажлуудыг нэн даруй хийх шаардлагатай байна. Агаарын бохирдол бол энгийн нэг асуудал биш билээ.