Монгол Улсын хэмжээнд нэг сая гаруй газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарын газрын бүртгэл, зураглал Улсын нэгдсэн системд бүртгэлтэй байдаг. Тэгвэл эдгээр иргэн хуулийн этгээдийн хөрөнгийн мэдээллээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар цахимаар лавлагаа авах боломжтой боллоо. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон ШШГЕГ хамтран ажиллах гэрээг байгуулснаар хоёр төрийн байгууллагын эрх үүргийг тодорхой зааж, нууцтай холбоотой мэдээлэлтэй ажиллаж буй албан хаагчдын эрх үүрэг болон нууцын баталгааг холбогдох хууль журмын дагуу тодорхойлж өгснөөр иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл, задрах, алдагдах эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэж буй юм. Өмнө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тухайн иргэн, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй байгаа газрын лавлагааг авахын тулд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллагуудад 30 гаруй албан бичгийг цаасаар явуулан 5-20 хоногийг зарцуулж лавлагаа авдаг байсан.
Мөн лавлагаа ирсний дараагаар тухайн харьяа газрын асуудал эрхэлсэн байгууллагуудад дахин албан тоот хүргүүлж, түдгэлзүүлэх асуудлыг дөрөв хоногийн хугацаанд шийдвэрлүүлдэг байсан. Харин одоо газартай холбоотой лавлагааг цахимаар тухай бүр солилцох, газрын эрхийг түдгэлзүүлэх, сэргээх асуудлыг цахимаар шийдвэрлэх боломжтой боллоо.