Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд Улсын Онцгой Комисс гал түймрийн асуудлаар хуралдаж байна. Улсын хэмжээнд 22 газарт түймэр асч нөхцөл байдал хүндэрсэн гэж холбогдох албаны хүмүүс мэдээлэв. Иймд ОХУ-ын ын Онцгой байдлын яамтай хамтарч ажиллах талаар хүсэлт тавьсан бөгөөд агаараас ус цацах нисдэг тэрэг хүссэн байна. Энэ асуудалд өнөөдөр тодорхой хариу ирэх аж. Хамтарч ажиллах асуудалд Сибирийн мужийн онцгой байдлын газартаа чиглэл өгчээ.
Одоогийн байдлаар түймрийг унтраахаар Онцгой байдлын 700 гаруй ажилтан, албан хаагч, 50 гаруй автомашин тоног төхөөрөмжтэй ажиллаж байгаа аж. Шаардлагатай нөхцөлд Зэвсэгт хүчний дайчдыг дайчлах юм байна.
Энэ онд 145 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Холбогдох албаны хүмүүсийн мэдээлж буйгаар үүл буудах тохиромжтой цагийг хүлээж байгаа гэнэ. Ой хээрийн түймэр хяналтаас гараагүй байгаа юм байна.
Сэлэнгэ аймагт есөн түймэр гарснаас гурав нь Ерөө суманд, Мандал суманд дөрөв, Хүдэрт хоёр түймэр асч байгаа бол Төв аймгийн Батсүмбэрт тав, Эрдэнэ суманд нэг түймэр тус тус гарчээ. Мөн хиймэл дагуулаар автомашин хүрэх боломжгүй Асралтхайрхан гэх мэт 4-5 цэгт түймрийн голомт илэрсэн байна.
https://www.facebook.com/news.mn.agency/videos/286666091799407/