Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улс ойрын 30 жилд эдийн засгийн хөгжлөөрөө Азидаа тэргүүлэх боломжтой
Тэрээр “Ард иргэд ээ, элэг нэгт Монгол ахан дүүс ээ, та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж айл өрх бүрт аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Он солигдох торгон мөчид Монголчууд бид улиран одож буй оныхоо амжилт бүтээл, алдаа оноог дүгнэн цэгнэж айлчлан ирж буй шинэ ондоо хийж бүтээх ажлаа төлөвлөн ярилцдаг сайхан уламжлалтай.
Энэ жил манай улсад Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол улс байгуулагдсаны түүхт 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Монгол улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60, Монгол хүн сансарт ниссэний 40 жил зэрэг олон түүхэн тэгш сайхан ойнууд тохиож буй билээ.
Улиран одож буй 2021 онд төрийн тулгуул улсын үндэс болсон айл өрхүүд маань 66 мянган хүүхдээр ам бүлээ нэмж монголчууд бид 3 сая 400 мянгуулаа боллоо. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж манай ард түмний хэлдгээр малчид тариаланчдын маань нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо толгой 68 саяар тоологдож, сүүлийн 30 жилд байгаагүй хамгийн өндөр ургацыг бүрэн хурааж авсан сайхан жил боллоо.
Цар тахлаас үүдэлтэйгээр манай улсын эдийн засаг 2020 онд 4.5 хувиар агшиж байсан бол төр засаг хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд энэ оны эхний 9 сарын байдлаар 3.6 хувиар өсөж тодорхой сэргэлт үзүүлсний зэрэгцээ 300 мянган ажлын байрыг хадгалж чадлаа.
Энэхүү эдийн засгийн өсөлтөд манай бизнес эрхлэгч баялаг бүтээгчдийн нөр их хөдөлмөр хүчин чармайлт онцгой үүрэг гүйцэтгэснийг баярын энэ өдөр цохон тэмдэглэхэд таатай байна.
Мөн улиран одож буй 2021 онд манай тамирчид, сурагчид, их спорт, оюун ухааны олон улс, тив дэлхийн тэмцээнүүдэд оролцож бахдам сайхан амжилт гарган ард түмнээ баярлууллаа. Токиогийн зуны 32 дахь олимп 16 дахь паралимпын наадмаас алт, мөнгө, хүрэл медалиуд хүртлээ.
Монголын ирээдүй болсон үр хүүхдүүд минь оюуны олимп гэгдэх олон улсын олимпиадаас түүхдээ хамгийн олон медаль хүртэж, дэлхийн 107 орноос 11-р байрт орлоо. Мөн Монгол улсын түүхэд анх удаа эмэгтэй хүн хүндийн өргөлтийн дэлхийн аварга болж, Монгол эмэгтэй хүний гайхамшигт чадварыг дэлхий дахинд харуулсан бахдам үйл явдал болсон.
Өнгөрөн одож буй 2021 онд сайн сайхан зүйл олон тохиолдсон хэдий ч хүн төрөлхтөн цар тахалтай дэлхий нийтээрээ тэмцэж амаргүй олон сорилт бэрхшээлүүдийг даван туулж байна. Хүн хүнээ эрхэмлэн хүндэтгэх байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын ач холбогдол харилцан ойлголцол эв нэгдэл амьдралын үнэ цэн ямар чухал болохыг улам бүр ухаарсан жил боллоо.
Энэхүү амаргүй цаг үеийг хохирол багатай даван туулах, хүн ардынхаа амь нас эрүүл мэндийг хамгаалах улс орныхоо эдийн засгийг сэргээхийн тулд ард иргэд төр засаг аж ахуй нэгжүүд бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажиллалаа. Цаашид улс орныхоо эдийн засгийг хамгаалах томоохон өөрчлөлтүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ хүрээнд халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих суурь реформуудыг нэн даруй, цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр Монгол Улс ойрын 30 жилд нийгэм эдийн засгийн хөгжил иргэдийн амьдралын чанар хүний хөгжлөөрөө Ази тивдээ тэргүүлэх орны нэг болох бүрэн боломжтой.
Монгол хүн эх орон газар нутагтаа эзэн байж байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх учиртай. Монгол хүн хэзээ ч байгалийн баялгаа бусдад алдах ёсгүй.
Оюутолгой төслөөс манай ард түмний хүртэх үр өгөөж ашиг шим нэмэгдэх таатай байдал бүрдлээ. Энэ бол Монголын ард түмний нэгдмэл байдал, тууштай бодлогын үр дүн юм.
2022 он бол Монголчууд бидний хувьд шинэ сэргэлтийн жил байх болно. Ирэх онд эзэн богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой тохиож байна. Он солигдох энэхүү торгон мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчид, энхийг сахиулах үйлсэд улсаа төлөөлөн зүтгэж буй эрэлхэг дайчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож буй эмч сувилагч, эмнэлгийн ажилтнууд улс орон ард түмнийхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа цэрэг цагдаа онцгой байдлынхдаа улсын ерөнхийлөгч тусгайлан баяр хүргэж гүн талархал илэрхийлье.
Ард түмэндээ шинэ жилийн баярын мэндийг хүргэе” гэв.