Коронавирусын өвчлөл нэмэгдэж, “Омикрон” омгийн халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан энэ жил дэлхийн олон орны эрх баригчид Шинэ жилийн өмнөх өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан олон нийтийн арга хэмжээгээ цуцлажээ.
Грек: COVID-19-ийн нөхцөл байдал сүүлийн долоо хоногт Европт хурцадсан тархсан учраас Афины Акрополис дээрх уламжлалт пиротехникийн шоу цуцлагдахад хүрчээ. Хотын захиргаа Зул сарын баяр, Шинэ оныг угтсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байна. Грек улс нэгдүгээр сарын 3-ныг хүртэл гадаа болон дотор заавал амны хаалт зүүх журмыг сэргээжээ. Нийтийн тээврээр зорчиход өндөр хамгаалалттай тусгай маск шаардаж эхэлжээ.
Москва: Коронавирусын улмаас Шинэ оны өмнө Улаан талбайг хаасан байна.
Франц: Шинэ жилийн баярыг тохиолдуулан Парисын Елисейн талбай дээр хийх гэж байсан ёслолын буудлагыг цуцалжээ. Францын Ерөнхий сайд Жан Кастекс мөн шинэ жилийн үдэш олон нийтийн үдэшлэг, баяр тэмдэглэхийг хориглож байгаагаа зарласан байна. Түүгээр ч зогсохгүй вакцин хийлгэсэн Франц хүмүүсийг хамаатан садантайгаа уулзахаасаа өмнө коронавирусын шинжилгээнд хамрагдахыг зөвлөжээ.
Итали: Тус улсын хэд хэдэн хотууд коронавирусын тархалтаас болгоомжилж, баяр ёслолын арга хэмжээгээ цуцлах шийдвэр гаргажээ. Шинэ жилийн үдэш задгай талбайд концерт, пиротехникийн үзүүлбэрээр тасардаггүй Венецид энэ жил ийм үзүүлбэрийг олж харахгүй юм байна. Кампаниа мужид 1-р сарын 1 хүртэл олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ.
Герман: Германд арванхоёрдугаар сарын 28-наас хойш хязгаарлалтыг чангатгаж, Шинэ жилтэй холбоотой олон нийтийн арга хэмжээг хоригложээ. Зөвхөн 10 хүртэлх хүнтэй бүлэгт уулзах зөвшөөрөл өгсөн байна.
Их Британи: Лондон хотын Трафальгар талбайд хийхээр төлөвлөж байсан Шинэ жилийн арга хэмжээг мөн цуцалжээ. Их Британийн нийслэл хотын дарга Садик Хан “Энэ бол хэцүү шийдвэр” гэвч “Лондончуудын аюулгүй байдал нэгдүгээрт байх ёстой” гэжээ.
Нидерланд, Бельги, Польш: Нидерландын оршин суугчид Шинэ жилийг хэсэгчилсэн хориг дор тэмдэглэж байна. Тус улсад өргөн хэрэглээний бус бараа бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүр, баар, биеийн тамирын заал, үсчин гоо сайхан болон бусад олон үйлчилгээ, үзвэр үйлчилгээний газруудыг хаажээ.
Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте “Ийм арга хэмжээ авахаас өөр арга байсангүй” хэмээн хэлсэн бол тус улсын олон мянган оршин суугчид шинэ жилээ хөрш зэргэлдээ Бельгид тэмдэглэхээр шийдсэнийг Европын хэвлэлүүд тэмдэглэж байна. Энд хязгаарлалт мэдэгдэхүйц бага байгаа аж. Харин Польшид одоо мөрдөж байгаа хязгаарлалтыг үл харгалзан шөнийн цэнгээний газар, бааруудад Шинэ жилийн үдэш ажиллахыг зөвшөөрч, тэд ч зочдоо хүлээн авч байна.
АНУ: Сүүлийн өдрүүдэд коронавирусын өвчлөлөөр рекорд эвдэж байгаа АНУ-д баярын арга хэмжээний шийдвэр муж бүрт өөр өөр үйлчилж байна. Нью-Йорк дахь Таймс Сквер энэ жил баяраар үүд хаалгаа бүр мөсөн хаахгүй байхаар шийдсэн ч хамрах хүрээг багасгажээ.
Тахлын өмнө 60 мянга орчим хүн Шинэ жилийн баяраа Таймс Скверт тэмдэглэхээр цуглардаг байсан бол энэ жил коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн бичиг баримттай 15 мянган хүн л талбай дээр цуглах боломжтой болж байгаа аж.
Лос-Анжелес хотод баярыг үзэгчидгүйгээр зохион байгуулж, онлайнаар дамжуулах гэж байна. Чикаго хотод шинэ жилийн өмнөх өдөр таван гүүрээр уламжлалт ёслолын буудлага хийх байсан ч орон нутгийн эрх баригчид ёслолын буудлага үзэхээр гарч байгаа иргэдийг коронавирусын шинжилгээнд хамрагдсан байхыг уриалжээ.
Австрали, АНЭУ: Шинэ жилийг хамгийн түрүүнд тэмдэглэдэг улсуудын нэг Австралид аюулгүй байдлын хатуу арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Тодруулбал, Сидней хотод ёслолын буудлага хийхээр төлөвлөсөн ч оршин суугчдад нийгмийн хариуцлагаа биелүүлэхийг үүрэг болгосон байна.
АНЭУ-д баярын арга хэмжээнд оролцохдоо амны хаалт заавал зүүх ёстой. Байрыг 80 хувьд хүртэл дүүргэхийг зөвшөөрч, зочдод 96 цагийн өмнө вакцин хийлгэсэн эсвэл сөрөг PCR шинжилгээ өгч, хариугаа баталгаажуулсан байхыг шаарджээ.
Хятад: Хятадад COVID-19 тархаж эхэлсэн гэж үзэж байгаа тул томоохон баяр тэмдэглэх шинжгүй байна. Тухайлбал, Бээжинд томоохон баяр тэмдэглэхээр төлөвлөөгүй байна. Хотын удирдлагууд Бээжингийн оршин суугчдыг боломжтой бол нийслэлээс гарахгүй байхыг уриалжээ. Коронавирус илэрсэн БНХАУ-ын нутаг дэвсгэрийн оршин суугчдад зөвхөн вирусын шинжилгээнд сөрөг хариу гарсан тохиолдолд л Бээжинд нэвтрэх зөвшөөрөл өгч байна.
БНХАУ өвлийн олимпийг хоёрдугаар сард зохион байгуулах гэж байгаа тул Хятадын эрх баригчид коронавирусын халдвартай тэмцэхэд онцгой анхаарал хандуулж байгааг барууны хэвлэлүүд онцолж байна.
Эх сурвалж: INTERFAX