БНСУ-ын Гадаад хэргийн сайд, БНЭУ-ын Гадаад хэргийн төрийн сайд болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч нар Монгол Улсын Гадаад харилцааны сайдад хаягласан мэндчилгээ ирүүлжээ.
Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110жил, Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жон Ы Ён баярын мэндчилгээ ирүүлэв.
Мэндчилгээндээ энэ онд Монгол Улс, БНСУ-ын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнд сэтгэл хангалуун байгааг дурдаад цаашид Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын төлөө нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Сайд тантай биечлэн уулзаж хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар ярилцах цагийг тэсэн ядан хүлээхийн ялдамд танд эрүүл энх сайн сайхныг, улс эх орон тань үүрд мөнх мандан бадрахыг хүсэн ерөөе гэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедаас ирүүлсэн баярын мэндчилгээ
Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедаас баярын мэндчилгээ ирүүлэв.
Мэндчилгээнд энэ онд Монгол Улсад НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ой мөн тохиож буйг дурдаад өнгөрсөн хугацаанд Монгол Улс олон талт үзэл, олон талт дипломат харилцааг дэмжих, мөн бүс нутаг болон дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг хангах үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг өндрөөр үнэлсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Засгийн газар “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” хөтөлбөрийг тууштай дэмжиж эмэгтэй энхийг сахиулагчдын үүргийг нэмэгдүүлэх эрмэлзэл төгс байсаар ирсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн Мянганы хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлж байх үед одоогийн Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгын урьдач болсон Засаглал, хүний эрхийн асуудлаарх 9 дэх зорилгыг нэмж оруулсан анхны улс нь Монгол Улс байсан гэдгийг онцлоод Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхийн төлөөх Монгол Улсын идэвхтэй үйл ажиллагаанд талархаж, баяр хүргэжээ.
Хатагтай Амина Мохаммед хүн бүрийн төлөөх тогтвортой, уян хатан ирээдүйг бүтээх үйлсэд НҮБ Та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн төрийн сайд Ражкумар Ранжан Сингх-ээс мэндчилгээ ирүүлэв.
Мэндчилгээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам энэ онд Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүссэн байгуулагдсаны 110 жилийн ойг тэмдэглэх гэж байгаад чин сэтгэлийн баяр хүргэе гээд Монгол, Энэтхэгийн түүхэн болон оюун санааны харилцаа эдүгээ Стратегийн түншлэлийн түвшин өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, цаашид энэхүү харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийг төлөө нягт хамтран ажиллахдаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Түүнчлэн Энэтхэг Улс Монгол Улсын боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, тэр дундаа дипломат албыг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд Энэтхэгийн томоохон их дээд сургуулиуд, түүний дотор Сушма Свараж-ийн нэрэмжит Гадаад харилцааны их сургуульд Монголын залуу дипломатуудыг хүлээн авч байсандаа баяртай байна гэжээ.
Эх сурвалж: ГХЯ