Узбекистанд гарсан техникийн саатлын улмаас Афганистанд нийлүүлэх цахилгаан эрчим хүч 50%-иар буурсан гэж Афганистаны Үндэсний цахилгаан эрчим хүчний компани Да Афганистан Брешна Шеркат (DABS) лхагва гаригт мэдэгджээ.
Мөн үүний улмаас импортоор цахилгаан эрчим хүчээ авдаг 15 муж, тэр дундаа Кабул хот эрчим хүчний хомсдолд орсон гэж эрчим хүчний компани өөрийн цахим хуудаснаа мэдэгдсэн байна. Афганистан улс хөрш Тажикистан, Узбекистан, Туркменистанаас цахилгаан эрчим хүч импортолдог.
Тажикистаны эрчим хүчний Барки Точик компани Афганистаны үндэсний эрчим хүчний Da Afghanistan Breshna Sherkat компанитай 2022 онд тус улсад цахилгаан эрчим хүч нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан тухай мэдээг өмнөх өдөр түгээж байсан юм.
Мягмар гаригт Барки Точик компанийн цахим хуудсанд нийтэлсэн мэдээнд Da Afghanistan Breshna Sherkat компанитай цахилгаан эрчим хүч экспортлох гэрээ 2008 оноос хойш хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж мэдэгджээ. “Ташкент хотноо арванхоёрдугаар сарын 26-нд гарын үсэг зурсан гэрээ нь ирэх жилийн цахилгаан эрчим хүчний хэмжээг тодорхойлох зорилгоор жил бүр гарын үсэг зурдаг нэмэлт гэрээ юм” хэмээн дурджээ.
Энэхүү нэмэлт гэрээний дагуу 2022 онд Барки Тожик нь халуун улиралд буюу 5-9-р сар хүртэл Da Afghanistan Breshna Sherkat-д өдөрт 400 МВт хүртэл цахилгаан эрчим хүч нийлүүлдэг талаар мөн дурджээ.
“Барки Точик” компанийн хэвлэлийн төвийн мэдээлснээр намар, өвлийн улиралд өдөр бүр 25-30 МВт цахилгааныг Афганистанд нийлүүлдэг бөгөөд энэ нь гол төлөв эрчим хүчний тоног төхөөрөмжийг хамгаалах зорилготой юм. “Энэ хэмжээний цахилгаан эрчим хүч нь тус улсын цахилгаан эрчим хүчний хангамжийн нийт тэнцэлд нөлөөлөхгүй.
Энэхүү нэмэлт гэрээний нэг чухал нөхцөл бол Da Afghanistan Breshna Sherkat-ийн өрийг цаг тухайд нь барагдуулах явдал бөгөөд энэ нь аль хэдийн хэрэгжиж эхэлсэн” хэмээн хэвлэлийн мэдээнд дурджээ.