Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулжээ.
Шинэ байгуулсан 5 яамны тэргүүн зэрэгт
- Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд,
- Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж,
- Сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт ван Чагдаржав,
- Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосүрэн,
- Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай ван нарыг тохоон томилжээ.
Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг 1912 оны 8 дугаар сард байгуулж сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байдаг. Энэ үеэс Монголын тусгаар тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин харилцаа тогтоох үндсэн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.
Энэхүү өдрийг УИХ-ын 2007 оны 8 сарын 16-ны өдөр баталсан хуулиар 12 дугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны 12 сарын 23 өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм.