Монгол Улсад үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны, мөн өнөөгийн Батлан хамгаалах яамны түүхт 110 жилийн ойн баярын хурлын ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ цаг мөчид офицеруудын ордонд зохион байгуулагдаж байна.
Тус ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, үе үеийн батлан хамгаалахын сайдууд, Монгол Улсад суугаа элчин сайдын яамдын батлан хамгаалахын атташе нар болон бусад албаны хүндэт зочид төлөөлөгчид оролцож байна. Баярын хурлыг нээж Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай үг хэлсэн юм. Тэрээр “Монгол Улсын эрт, эдүгээ, ирээдүйн гурван цагийн хэлхээст түүх нь Монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой билээ. XX зуунд Монголчууд бидний оршин тогтнох, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн түүхэн үйл явдлууд олон тохиосны дотор эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн байсан юм. Энэхүү хувьсгалаар Богд хаант Монгол Улсаа даяар олноо зарлан тунхаглаж, таван яам бүхий Засгийн газраа байгуулсны нэг нь Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам буюу өдгөөгийн Батлан хамгаалах яам байсан түүхтэй. Шинэ зууны хөгжил дэвшлийн түүхэн хугацаанд тус яам нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, бичиг үсэгт сургаж, соён гэгээрүүлэх, улс ардын аж ахуйг хөгжүүлэх зэрэг энх цагийн бүтээн байгуулалтын үйл хэрэгт тэргүүлэн оролцож, нийгмийн бүхий л салбарын анхдагч, хөгжлийн ундарга, хөдөлгөгч хүч нь болж, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэлж баршгүй бодит хувь нэмэр оруулсныг энэхүү баярын өдөр онцлон дурдаж байна. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэж байгаа эрхэм хамтран зүтгэгчид та бүхэндээ Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын түүхт 110 жилийн ойн баярын мэндчилгээг дахин дэвшүүлж, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе” хэмээв.
Үргэлжлүүлээд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр түүхт ойн үндсэн илтгэлийг тавилаа. Тэрээр илтгэлдээ, “Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг эрхэмлэн тэмцэгч бидний өвөг дээдэс маань 110 жилийн тэртээх цагаагчин гахай жил Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтад хүргэж, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсаа тунхаглан, магнай тэнийж байсан тэр цаг үе эдүгээ 110 жилийн түүхэн ойтойгоо золгож байна.
Төрийн захиргааны төв байгууллага-Монгол Улсын Батлан хамгаалах яам цаашид ч батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг ялалт амжилт өөд залуурдан хөтөлж, Монгол Улсынхаа аюулгүй байдал, тусгаар тогтнолыг батлан хамгаалж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулан, өөрт оногдсон үүргээ нэр төртэй биелүүлсээр байх болно гэдэгт итгэл төгс байна” хэмээн Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын түүхэн замналыг тод томруунаар хүүрнэсэн юм. Мөн тэрээр хүндэт индрээс Монгол Улсын нийт иргэд, БХЯ-нд ажиллаж байсан үе үеийн ахмад дайчид, Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө эдүгээ мөр зэрэгцэн зүтгэж байгаа эрхэм хамтран зүтгэгчдэдээ Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110 жилийн түүхт ойн баярын мэндийг дэвшүүллээ. Баярын хурлын ёслолын арга хэмжээ ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан зарим цэргийн алба хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Батлан хамгаалахын сайдын тушаалаар төрийн дээд одон медаль болон салбарын шагналыг гардуулах ажиллагаагаар үргэлжлэв.
Тухайлбал, “Батлан хамгаалахын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр БХЯ-ны БХЗГ-ын дарга хурандаа Б.Түвшинтөр, тус газрын Материал, хэрэгслийн хангамжийг зохицуулах хэлтсийн дарга хурандаа Ж.Банзрагч, СБТГ-ын шинжлэх ухаан, технологи, инновацын бодлогын ахлах мэргэжилтэн, Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга хурандаа Д.Содномцог нарын зургаан цэргийн алба хаагчийг, Батлан хамгаалах яамны “Хүндэт жуух бичиг”-ээр БХЯ-ны БХЗГ-ын зэвсэглэл, техникийн бодлогын шинэчлэлт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн хурандаа Б.Ууганбаатар, СБТГ-ын Хуулийн хэлтсийн дарга, хуулийн зөвлөх бэлтгэл хурандаа Г.Энхболд нарын 10 цэргийн алба хаагч, ажилтан албан хаагчийг, “Дайчин алдар I медаль”-аар БХЯ-ны СБТГ-ын Батлан хамгаалах бодлого, төлөвлөлтийн хэлтсийн бодлогын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Г.Ганзориг, ТЗУГ-ын хууль тогтоомжийн хэрэгжилт, бодлого, хөтөлбөр, тушаал шийдвэрийн биелэлт, сурталчилгаа, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн хошууч Д.Батбилэг нарын дөрвөн алба хаагчийг, “Дайчин алдар II медаль”-аар БХЯ-ны ХШҮДАГ-ын Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний байгуулалтын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Ц.Санчир, БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн мэргэжилтэн хошууч Б.Бат-Эрдэнэ, ГХАГ-ын ОХУ, тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын харилцаа хариуцсан мэргэжилтэн ахмад Д.Дорждаваа нарын алба хаагчдыг тус тус шагнав.
Мөн Сангийн яамны шагнал болох “Санхүү, эдийн засгийн албаны хүндэт тэмдэг”-ээр БХЯ-ны ХШҮДАГ-ын Санхүү хяналт шалгалтын мэргэжилтэн, улсын байцаагч хурандаа Ж.Амаржаргал, дэд хурандаа Д.Ижилмөрөн нарыг, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагнал болох “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр БХЯ-ны СБТГ-ын Батлан хамгаалах эрх зүйн шинэтгэл, бодлогын ахлах мэргэжилтэн Л.Ганзоригийг, Гадаад харилцааны яамны “Жуух бичиг”-ээр БХЯ-ны ГХАГ-ын Гадаад хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлт, ОХУ-ын тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн дэд хурандаа Г.Одбаярыг, Нийслэлийн Засаг даргын шагнал болох Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дарга, цэргийн шинжээч-улсын байцаагч хурандаа Т.Мөнхбаяр, СБТГ-ын хуулийн хэлтсийн дарга, хуулийн зөвлөх, бэлтгэл хурандаа Г.Энхболд нарыг, “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга хурандаа Д.Энхсайхан, ТЗУГ-ын мэдээллийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн хошууч Б.Энхтөвшин нарыг, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр БХЯ-ны БХЗГ-ын батлан хамгаалахын гадаадын зээл тусламжийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн дэд хурандаа Д.Пүрэвсүрэн, тус газрын төрийн өмчийн ашиглалт зохицуулалт, тусгай хэрэгцээний газрын асуудал хариуцсан мэргэжилтэн ахмад П.Лхагвасүрэн нарын тус тус шагнаж урамшууллаа.
Монголчууд бид Төр улсаа байгуулж, түүх шастираа зузаалсан баатарлаг, бахархам дайчин замналтай өвөг дээдсийнхээ амиа дэвсэж, цусаараа тамгалсан ариун нандин эх орныхоо халуун гал голомтыг сахин, дэлхийн хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэн эв хамтыг эрхэмлэн хөгжсөөр эдүгээ 2 дахь мянгандаа аж төрж байна. Энэ түүхэн цаг үед Монгол Улсын Батлан хамгаалах яам нь 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1948 оны Баруун хилийн зэвсэгт тулгаралтын хүнд бэрх жилүүдэд улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хил хязгаарын бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг батлан хамгаалах, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослын аюулаас ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үүргийг амжилттай удирдан зохион байгуулсан юм. Эдгээрт амь бие, залуу халуун насаа үл хайрлан тулалдаж, тэмцэж, гар бие оролцож явсан ахмад дайчид бол энэ салбарын тулганы чулуу юм. Эдгээр ахмад дайчид энэ өдрийн хүндэт зочид мөн бөгөөд Батлан хамгаалахын сайд, сайдыг зөвлөлийн гишүүд эдгээр ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэн, хүндэтгэлийн зоог барих юм.