Зул сарын баярыг тохиолдуулан COVID-19 цар тахлыг дэврээхгүйн тулд дэлхий даяар 4 мянга гаруй нислэг цуцлагджээ. Олон улсын нислэгийг хянадаг FlightAware вэб сайтаас мэдээлснээр, коронавирусын өвчлөл нэмэгдэж, Омикрон омог тархаж байгаатай холбоотойгоор Зул сарын баярын амралтын өдрүүдэд дэлхийн агаарын тээврийн компаниуд 4.3 мянга гаруй нислэгээ цуцалжээ.
Зул сарын баярын өмнөх Баасан гаригт баярын нислэгийн оргил үетэй таархдаг бөгөөд энэ Баасан гаригт дэлхийн агаарын тээвэрлэгчид 2.3 мянга гаруй нислэгээ зогсоогоод байна.
Үүнээс гадна United Airlines болон Delta Air Lines компаниуд COVID-19 халдварын улмаас ажилчдын хомсдолд орсон тул 280 орчим нислэгийг цуцалжээ. Сүүлийн өдрүүдэд буюу энэ долоо хоногт АНУ-д коронавирусын Омикрон омгийн халдвар огцом нэмэгджээ.
Их Британид коронавирусын тархалтаас үүдэн аж үйлдвэр, тээврийн салбарын боловсон хүчний хомсдолтой тэмцэл үргэлжилсээр байна. Их Британийн Засгийн газрын мэдээлснээр, Баасан гаригт тус улс коронавирусын халдварын өдөрт бүртгэгдсэн тоогоор дахин нэг эсрэг рекорд тогтоож, 122 мянга гаруй тохиолдлыг илрүүлсэн байна.
Үүнтэй төстэй рекорд Францад мөн бүртгэгдсэн бөгөөд тус улсад нэг өдөр бүртгэгдсэн шинэ халдварын тоо 94 мянгыг давжээ. Засгийн газар Даваа гаригт ээлжит бус хуралдаан хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр нэмэлт хязгаарлалтын арга хэмжээ авч магадгүй гэж хэвлэлүүд мэдээлж байна.
АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр Бямба гаригийн өглөө дэлхийн хэмжээнд коронавирусын халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 278.805.583-д хүрч, COVID-19 халдвар тархаж эхэлснээс хойш дэлхий даяар 5.391.661 хүн үүнээс болж нас бараад байна.