УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цар тахлын хуулийг сунгах эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд саналаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Ганибал “Өнөөдрийн гаргаж байгаа шийдвэрүүд чинь бусад салбараа унагаад байна. Эрүүл хүмүүс ойлгохооргүй шийдвэрүүд гаргаж байна. Одоо барилгын салбар энэ зургаан сарыг даахааргүй боллоо. Ипотекийн зээлийг банкууд өгч чадахгүй болсон. Мөнгө нь хуримтлагдахгүй, зээлийн эх үүсвэр багасаад байна” гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан “Энэ жил 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд 780 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Урд өмнө нь хамгийн дээд тал нь 570 тэрбум төгрөгийн зээл гарч байсан. Тэгэхээр ипотекийн зээлийг сунгаснаас болж эх үүсвэрийн дутагдалд ороод банкууд зээл олгож чадахгүйд хүрлээ гэдэг огт худлаа мэдээлэл. Энд ямар ч сөрөг нөлөөлөл үзүүлээгүй. Ипотекийн зээл маш сайн гарсан, иргэддээ хүрсэн. Харин цар тахлын хуулиар зээлээ сунгах, хойшлуулах эрх нь нээлттэй үргэлжлэх юм. Тэгэхээр иргэд зээлээ төлсөн ч болно. Төлөхгүй хойшлуулсан ч болно. Чөлөөлөгдөж байгаа асуудал байхгүй. Банкандаа эргээд төлөгдөөд орно. Хэсэг хугацаанд сунгаснаас болоод банкууд хүндрээд болохоо байх хэмжээний эрсдэл гарахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ипотекийн зээл дээр асуудал байхгүй”.