АНУ Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг импортлохыг хориглох тухай хууль баталсаныг эрс эсэргүүцэж, арга хэмжээ авна хэмээн Баасан гаригт Хятадын Гадаад харилцааны яам мэдэгджээ.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 2021 оны арванхоёрдугаар сарын 15-нд Шинжаанаас импортлохыг хориглох хуулийн төслийг баталсан юм. Цагаан ордны мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Шинжаанаас АНУ-д бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглож, Шинжаанд албадан хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд хориг арга хэмжээ авах тухай хуульд гарын үсэг зурсан байна.
Хятадын Гадаад харилцааны яам Хятад улс үүнд туйлын дургүйцэж, хатуу эсэргүүцэл илэрхийлнэ гэдгээ мэдэгджээ. Мэдэгдэлд, АНУ “Шиньжяны хүний эрхийн байдлыг санаатайгаар гүтгэж, олон улсын хууль тогтоомж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцож байна” хэмээжээ.
Мөн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Шинжяны хэрэг бол цэвэр Хятадын дотоод хэрэг гэдгийг би дахин хэлмээр байна. Хятадын Засгийн газар болон ард түмний үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах шийдвэр зориг гуйвшгүй үргэлжилнэ. Бид алдаагаа нэн даруй засахыг Америкийн талд зөвлөж байна. Шинжаантай холбоотой асуудлаар худал мэдээлэл тарааж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, хөгжлийг нь хязгаарлахын тулд ашиглахаа болих хэрэгтэй хэмээн анхааруулжээ.