Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Со Сог Хён-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр 2020-2021 онд хэрэгжүүлсэн төслийн явц, сүрьеэтэй өвчтөний хавьтлын илрүүлэлтийн төслийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
2015 оноос эхлэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн Тандалт Судалгааны алба болон Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг хамтран сүрьеэгийн илрүүлэлтийн чиглэлээр хамтран төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.
2022 оноос үргэлжлэх шатны төслийг хэрэгжүүлэхдээ сүрьеэтэй өвчтөний хавьтлын илрүүлэлтэд Интерферон гамма (IGRA) тодорхойлох шинжилгээг Монголд анх удаа сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэн ажиллахаар боллоо.
Сүрьеэтэй өвчтөний өрхийн болон ойрын хавьтлыг идэвхтэй илрүүлэлт, үзлэг шинжилгээнд хамруулах замаар халдварын тархалтыг хязгаарлах, хүндрэл, нас баралтаас сэргийлэх зорилгоор төслийг хэрэгжүүлэх бөгөөд Улаанбаатар хотын өвчлөл өндөртэй төвийн 6 дүүрэгт оношлогдсон сүрьеэтэй өвчтөний 6000 хавьтлыг идэвхтэй илрүүлэлтэд хамруулах ба шаардлагатай тохиолдолд ойрын хавьтал (ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч, их дээд сургуулийн багш, оюутан, болон цэрэг, хүчний байгууллага гэх мэт)-ыг хамруулан идэвхтэй илрүүлэлтийг өргөжүүлэн зохион байгуулах юм.