Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос өнөөдөр шатахууны чанар, стандартын асуудлаар мэдээлэл хийнэ.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр “Олон нийтийн сүлжээнд яригдаад эхлэхээр нь биш, шатахууны хяналт шалгалтыг тогтмол хийдэг байх хэрэгтэй байна.
2019 оны дөрөвдүгээр сард ШӨХТГ-ын тухайн үеийн даргын тушаалаар шалгалт хийхэд олон зөрчил илэрсэн. Тэгэхэд импортлогчид зөвшөөрөөгүй. 2019 оны ажлын хэсгийн дүгнэлт одоо болтол олон нийтэд мэдэгдээгүй байгаа.
2020 онд мөн ШӨХТГ-ын даргын тушаалаар дахин шалгалт хийсэн, үр дүн алга. Төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажиллаж байна” гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр “Манай байгууллага чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн яаж орж ирж байгааг судалж үзлээ. Ингэхэд Баян-Өлгий, Ховдын боомтуудаар орон нутгийн хэлэлцээрийн дагуу гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг оруулаад, хот руу зөөж байна. Энэ чанаргүй шатахууны учир шалтгаан нь болж байгаа.
2017 онд АМГТГ-т лаборатори байгуулсан боловч одоог хүртэл ажилладаггүй. Дээж шинжлүүлье гэхэд техникч байхгүй, бодис байхгүй эсвэл машин эвдэрсэн гэх тайлбарыг үргэлж өгдөг” гэв.
Түүний мэдээлснээр өмнө нь аж ахуйн нэгжүүд керосин, нафтааг шатахуунд хольж, нэрэх байдлаар чанаргүй шатахуун үйлдвэрлэдэг байсан бол одоо гарал үүсэл нь тодорхойгүй бензин оруулж ирэх болсон байна. Үүнд төр хяналт тавих ёстой, хэрэв чадахгүй бол зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод өгөх хэрэгтэйг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр мөн хэлэв.
Гарал үүсэл тодорхойгүй бензин хаанаас орж байгааг судалж үзсэн эсэхийг түүнээс тодруулахад “Казахстан болон Оросын жижиг хотуудаас буюу Роснефтийн биш, жижиг үйлдвэрүүдийн бензинийг Монгол Улсын автозамын боомтоор оруулж байна” гэсэн юм.