Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Стратегийн яриа хэлэлцээний 6 дахь удаагийн уулзалтыг өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.
Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Хятадын талаас Гадаад хэргийн яамны туслах сайд У Жянхао ахлан оролцлоо.
Хоёр улсын ГХЯ-д хооронд дэд сайдын түвшинд жил бүр зохион байгуулдаг тус яриа хэлэлцээний механизмаар хоёр улсын харилцааны хөгжлийн явцыг дүгнэж, ойрын хугацааны зорилт, томоохон арга хэмжээний талаар ярилцахын зэрэгцээ бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцдог.
Гадаад харилцааны дэд сайд нар цар тахлын нөхцөлд Монгол, Хятадын харилцаа бүхэлдээ амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, 2021 онд хоёр улсын Төрийн тэргүүн, Парламентын дарга, Ерөнхий сайд нар тус тус утсаар ярилцаж, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэв. Талууд ирэх онд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар тохиролцлоо.
Дэд сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өмнөх оноос сэргэж, худалдааны эргэлтийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж буйг тэмдэглэв.
Түүнчлэн Ковид-19 цар тахлын нөхцөлд хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулах боломж, тэр дундаа хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлж, бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Манай талаас Замын-Үүд-Эрээний боомтоор авто тээврийн үйл ажиллагааг шуурхай сэргээх, төмөр замын тээврийг хэвийн байдалд оруулах, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын үйл ажиллагааг сэргээх, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал боомтуудын бараа нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Булган-Такашикен, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудаар тусгай зөвшөөрөл, нөхцөл шаардагддаг бараа бүтээгдэхүүн тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг тодорхой санал дэвшүүлэв.
Хятадын тал эдгээр саналыг чухалчлан үзэж, холбогдох арга хэмжээ авахаа илэрхийллээ. Үүний зэрэгцээ халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулж, халдвар хил дамнан тархах эрсдэлийг бууруулах нь боомтуудаар бараа нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл болохыг онцлон тэмдэглэв.
Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд хятадын дэмжлэг үзүүлж, вакцин болон бусад бараа материалыг буцалтгүй тусламжаар үзүүлсэнд талархал илэрхийллээ.
Талууд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэд харилцан зорчих хязгаарлалтыг сулруулах боломжийг судлахаар тогтов.
Талууд мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны механизмуудын хүрээн дэх хамтын ажиллагаагаа цаашид ч бэхжүүлэхийн төлөө байгаа гэв.