Эрүүл мэндийн яам, Монголын үндэсний музей хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр/2021.12.23/ боллоо. Энэхүү гэрээний хүрээнд эрүүл мэндийн салбарын түүхэн хөгжил, олон амжилтыг илтгэсэн, ач холбогдол бүхий, дахин давтагдашгүй соёлын үнэт зүйлс, баримт материал, үзмэр, цуглуулгыг мэргэжлийн өндөр түвшинд хадгалах, баяжуулах, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд дэлгэн танилцуулах, сурталчлахтай холбоотой харилцааг зохион байгуулж цаашид эрүүл мэндийн салбарын музейн сан хөмрөг бий болгох зорилготой аж.
Монголын үндэсний музейн захирал Л.Жаргал:
-Өнөөдөр орчин цагийн эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн дээр түүхэн зарим үзмэрүүдээ үндэсний музейд хадгалуулах ёслолын арга хэмжээ болж, гарын үсэг зурлаа. Үүний хүрээнд найман үзмэрээ манайд хүлээлгэн өглөө. Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалын даргын өдөр бүр эрүүл мэндийн үзлэгт орсон дэвтрийг хадгалуулж байна. Бид социализмын танхимдаа байрлуулахаар бэлдсэн. Монголын үндэсний музей бол улс, орон нутгийн музейг арга зүйгээр хангадаг эрдэм шинжилгээний төв байгууллага. Бид нийгэмдээ үйлчлэх төрийн байгууллага. Тиймээс агуу өв соёлтой ард түмэн маань өнөөдрийнх шиг ийм өв, үзмэрүүдээрээ л бахархана. Эрүүл мэндийн яам өчнөөн өвчин зовлон тахлын ард гарч, 100 жилтэйгээ золгож байна. Цар тахлын үед цагаан нөмрөгтэй эмч эмнэлгийн ажилчид маань нойр хоолоо хасан байж ард түмнийхээ төлөө зүтгэж байна. Эрүүл мэндийн салбарынхандаа 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Энэ дашрамд дуулгахад, төрийн тусгай эмнэлэг дэргэдээ музейтэй болсон. Бид ч арга зүйгээр хангасан. Өмнө нь ийм зүйл ховор тохиолдож байлаа.
Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Б.Баярболд:
-Энэ онд орчин цагийн анагаах ухаан Монголд үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбарын түүхийн зарим нэг гэрч болсон үзмэрүүдийнхээ дээжийг үндэсний музейд хүлээлгэн өглөө. Цаашдаа хамтран ажиллах гэрээний хүрээнд ховор нандин үзмэрүүдээ хүлээлгэн өгч, хадгалуулах болно. Эрүүл мэндийн салбарын түүхийн, соёлын олон бүтээл байдаг. Энэ нь хүний гар дамжин үрэгдэх, устах тохиолдол байдаг. Тиймээс хойч үедээ зориулан эрүүл мэндийн салбарын түүхийг сурталчлахаар жилдээ 1-2 удаа үзмэрүүд хүлээлгэн өгнө. Хамгийн гол нь үзмэрүүдээ стандартын орчинд хадгалуулж, салбарын ойгоороо үзэсгэлэн гаргах боломжтой боллоо.