ХЗДХЯ-наас УИХ-д өргөн барьж буй Архины зохистой хэрэглээг бий болгох саналын агуулга, Монгол Улсын гурван бүсэд Албадан эмчилгээний төв барихтай холбоотой асуудлаар Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгээс мэдээлэл хийлээ.
Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, аюулгүй байдлын ухааны доктор Ж.Цогтсугар “Нийгэмд архидан согтууралт газар авч байна. ДЭМБ-аас нэг хүнд ногдох архины хэрэглээ 9 литрт хүрвэл аюул учирсан гэж үздэг. Манайд хийгдсэн олон судалгааны үр дүнг харвал 28-30 литр болсон байна. Хэрэглээний хувьд аюул учирсан байтугай гамшгийн гэх тодотгож болохоор нөхцөлд хүрлээ.
Маш олон залуу архины хэрэглээний хүчирхийлэлд өртөж байна. Тиймээс хуульд архи хэрэглээний хүчирхийллийг хязгаарлах талаар агуулга оруулах хэрэгтэй байна.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд архины хэрэглээний эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа төр, төрийн бус байгууллага, иргэнийг төрийн бодлогоор дэмжинэ гэж заасан байдаг. Манай төрийн бус байгууллага өнгөрсөн 20 жилийн хугацаанд судалгаа хийж, донтсон хүмүүстэй ажиллах гарын авлага, номуудыг гаргасан. Бид хуримтлуулсан дадлага туршлагаа төрийн бодлогод оруулах хүсэлтэй байна.
Нөхцөл байдал ийм байгаа үед төрийн албадан эмчилгээ хангалтгүй байна. Төр дангаараа энэ ажлыг хийж чадахгүй учраас бид хамтрах хүсэлтээ илэрхийлж байгаа юм. Бид соён гэгээрүүлэх төв байгуулаад гурван жил болж байна. Архинаас гарсан залуус өөрсдөө 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд олон залуусыг архинаас гаргах чиглэлээр ажиллах соён гэгээрүүлэх төв байгуулчихаад байхад төрийнхөн яагаад очиж үзэхгүй, хамтрахгүй байгаа юм бэ гэж асууя.
Архины албадан эмчилгээний гурван төв байгуулах гэж байгаа юм байна. Энэ хангалтгүй. Нэмээд оюун санааны төв байгуулъя. Тэр байгууллагыг бид аваад явж болно. Албадан эмчилгээнээс гарсан хүмүүст бид дэмжлэг үзүүлье” хэмээн ярилаа.
Үргэлжлүүлэн Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхий менежер Б.Батбаяр “Айл өрх бүрийн хаалгыг тогшоод орчихсон, бараг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа гэж хэлж болохоор асуудал буюу архидалтыг бууруулах чиглэлээр Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг 20 жил ажиллаж байна. Манай нийгэмлэг өсвөл үеийнхнийг архины хэрэглээтэй болохоос урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү анхааран ажиллаж байгаа” гэдгийг хэллээ.